Үйл ажиллагаагаа нээх аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах талаар мэдэгдэл хүргүүлжээ.
Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр болсон юм.
Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас 34 салбарын аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлжээ.
Аж аухйн нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө:
-Ажлын байран их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
-Лангуу, тавиур зэргийг 1.5 метрийн зайтай байрлуулах
-Үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлэх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх уусмал байршуулах зэрэг бэлэн байдлыг хангана.
Өдөр тутмын үйл ажиллагаагаа эхлэхдээ:
-Ажил эхлэхээс 1 цагийн өмнө халдваргүйжүүлэлт хийнэ
-Амны хаалт зүүсэн иргэдэд үйлчилнэ
-Ажлын байранд 14 хоног тутамд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэнэ
-Өдөрт 1-2 цаг тутамд агаар сэлгэлт хийнэ
-Гар хүрэх бүх эд зүйлийг 2 цаг тутамд цэвэрлэх зэрэг арга хэмжээг авч ажиллах учиртай юм.
Аж ахуйн нэгжүүд журам зөрчвөл хуулийн дагуу хариуцлага тооцно
НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: “Үйлчилгээний байгууллагуудад зай барих асуудал яригдана. Хуучин 100 суудалтай байсан бол түүнийгээ 50 болгож бууруулж 1.5-2 метрийн зай барих шаардлагатай болж байгаа. Үүнтэй холбоотойгоор яаж үйл ажиллагаа явуулах уу гээд зохион байгуулалтын арга хэмжээг авна. Үүнд бид хяналт тавьж ажиллана. Тухайн байгууллага хүчин чадлаа тооцон үйлчилгээгээ явуулна” гэв.
Аж ахуйн нэгжүүд журам зөрчвөл хуулийн дагуу хариуцлага тооцно
Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: “Бид байгууллага бүрийн хуванцар хаалт хий гэдэг шаардлага тавих нь өнөөдрийн нөхцөлд хүндрэлтэй. Хэрвээ чадвартай байгууллагууд байвал олон улсын маш олон туршлагууд бий.
Бид зайлшгүй үүнийг мөрд гэсэн дундаж шаардлагыг тавьж байгаа. Илүү түвшинд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах боломжтой аж ахуйн нэгжүүд үүнийг хэрэгжүүлбэл ажилтнуудаа болон иргэдийг илүү хамгаална гэж ойлгож болно” гэлээ.
Хэрвээ мэдэгдэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор байгаа юм.
Б.Эрдэнэ