Олон улсын тээврийн форум /ОУТФ/-ын Сайд нарын цахим уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
“Ковид-19” цар тахлын улмаас олон улсын байгууллагуудын тогтсон хуваарьт арга хэмжээнүүдэд өөрчлөлт орж уулзалт, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.
Олон улсын тээврийн форум нь өөрийн дүрмийн дагуу ХБНГУ-ын Лайпциг хотноо өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн Чуулган болон Тээврийн сайд нарын уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан бөгөөд ийнхүү цахим хэлбэрээр боллоо.
“Тээвэр ба Ковид-19” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уулзалтад ОУТФ-ын гишүүн орнуудын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын үед хамгийн их хүндрэл бэрхшээлийг туулж буй тээврийн салбар, түүний дотор агаарын тээврийн салбарын тулгамдсан асуудал, даван туулах боломж, төрөөс хэрхэн дэмжих, зохицуулах талаар өөр өөрсдийн туршлагаас хуваалцан санал бодлоо солилцон ярилцав.
Хэлэлцүүлгийн өөр нэг гол сэдэв бол цар тахлын хүндрэлийг даван туулахын сацуу ирээдүйд тулгарч болох ийм сорилтуудыг тээврийн салбар хэрхэн сөрж давах дархлааг тогтооход анхаарлаа хандуулсан явдал байв.
Сайд Л.Халтар уулзалтын сэдвийн хүрээнд үг хэлж, Монгол Улс ОУТФ-д гишүүнээр элсээд удаагүй шинэ гишүүн бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлж, Монгол Улсын зүгээс цар тахлын нөхцөлд тээврийн салбарт үүсээд буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар танилцууллаа.
Түүнчлэн 2021 онд болох хуваарьт арга хэмжээнүүд болон 2021 оны 05 дугаар сард ХБНГУ-д болох Чуулган болон Сайд нарын уулзалтыг ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэн санал солилцсоноор уулзалт өндөрлөв.
Эх сурвалж: ЗТХЯ