Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Монгол шуудан” компанитай хамтран хүнс, өвлийн идэшний махыг 21 аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Бүх аймгийн төвүүдэд долоо хоногт 1-2 удаагийн давтамжтайгаар хот хоорондын идэш тээвэрлэлтийг хийж байна. ХХААХҮ-ийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын Мал, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, өвс тэжээлийг хот хооронд тээвэрлэх ажлыг зохион байгуулах хамтарсан тушаал гарсан билээ.
Энэ дагуу хот хооронд тээвэрлэлт хийхдээ эрүүл ахуй, аюулгүй байдал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмыг чанд баримталж ажиллахад анхаарч байна. Орон нутгаас ирсэн хүнс, махыг иргэд гэртээ хамгийн ойр “Монгол шуудан”-гийн салбараас тодорхой хэмжээний төлбөртэйгээр гэртээ хүргүүлэн авах боломжтой юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ