Сэлэнгэ аймгаас ирсэн 10 настай хүүхэд Улаанбаатарт ирээд эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл дээрх асуудалд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга, Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Оюунчимэг Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар тайлбар өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлгээс 10 настай хүүхэд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Бид 22-ын товчоон дээрээс тосч авах эмнэлгийн баг гаргаж, хүүхдээ очиж авсан. Ингээд арваннэгдүгээр сарын 20-ны 22.00 цаг гэхэд тухайн хүүхэд ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт орж ирсэн.
Голомтын бүсээс ирсэн учраас эхэлж шинжилгээ авч, дараа нь олон улсын дүрмээр тусгаарлах өрөөнд тусад нь оруулсан. Тус өрөөнд нэг эмч, нэг сувилагчтай оруулж, бүтэн багаар ажилласан. Эмнэлгийн удирдлагаас эхлээд бүх хүмүүс хүүхдийг эмнэлэгт авчрахад байсан. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 21-ний 05.00 цагт сөрөг гарсан.
Хүүхдийн биеийн байдал хүн байсан учраас шинжилгээний хариу гарсан даруйд эрчимт эмчилгээнд шилжүүлэхээр ажилласан.
Толгой дотор нь хадвар үүссэн үү, цус харвалт үүссэн үү гэдгийг мэдэхийн тулд, оношоо баталгаажуулахын тулд компьютерт оруулж, дараа нь эрчимт эмчилгээнд оруулсан. Сэхээний нэг сувилагч, нэг эмчийг зөвхөн тухайн хүүхэд дээр ажиллуулсан. Энэ хооронд ээжид нь коронавирусийн шинжилгээ хийгээгүй байсан учраас ээж тусдаа шинжилгээгээ хийлгэхээр явсан.
Хүүхэд маш хүнд, тархинд нь цус харвасан байсан.
Эрчимт эмчилгээний тасагт нэг эмч жижүүрт гаран ажиллаж байхад тухайн хүүхдийн төлөө нэг эмч, нэг сувилагч, бусад хүүхдийн төлөө дахиад нэг эмч гурван сувилагч гэсэн багаар ажилласан. Бүх эмчилгээ оношилгоо, стандарт, эмнэлзүйн зааврын дагуу хийгдсэн.
Хүүхдийг хүлээж авангуутаа эмчилгээ хийгээгүй гэдэг ойлголт хэзээ ч байхгүй. Маш хүнд байдалтай ирж байхад эмчилгээ хийхгүй байна гэсэн зүйл байхгүй шүү дээ.
Ээж шинжилгээгээ тав дахь өдрийн орой өгөөд бүтэн сайны өглөө хариу нь гарсан учраас арванхоёрдугаар сарын 22-ны 12.00 цагт хүүхэд дээрээ ирсэн. Тухайн хүүхэд маань арваннэгдүгээр сарын 25-нд нас барсан. Ээж энэ хугацаанд сэхээний тасагт баримталдаг дүрэм журмыг дагаж, сэхээний тасгийн гадаа хүлээх учиртай. Эмчлэгч эмч нь хүүхдийн биеийн байдлыг тухай бүрт нь танилцуулж явсан. Хүүхдэд хийсэн оношилгоо, эмчилгээ үнэн зөв байгаа эсэхийг чанарын алба байнга хянаж байсан. Задлан шинжилгээгээ хүүхдэд хийсэн эмчилгээ, оношилгоо тохирсон” гэлээ.
Л.Баяр