НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоороо жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохоор шийдвэрлэсэн юм.
Өнгөрсөн арван дөрвөн жилийн хугацаанд (2006-2019) дэлхийн хэмжээнд 1,200 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний контент бэлтгэгчдийн амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Эдгээр гэмт хэрэг үйлдэгчдийн 10 хүрэхгүй хувьд шийтгэл оногдуулсан байна. Тиймээс энэ жил “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоохын тулд мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх нь” уриан дор энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
КОВИД-19-ийн тархалтын улмаас ЮНЕСКО-оос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний асуудлаарх бага хурал болон Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг хамтатган Нидерландын Гааг хотноо 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тэмдэглэхээр хойшлуулсан байна.
Сэтгүүлчдийн эрхэлж буй ажлын онцлог тэднийг ихэнх тохиолдолд сүрдүүлэг заналхийлэл, дарамт шахалт, хүчирхийлэлд өртөх онцгой эрсдэлд оруулдаг.
Сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, нийгмийн сүлжээний идэвхтнүүдийн хувийн аюулгүй байдалд халдах, баривчлан хорих, сүрдүүлэх, заналхийлэх, эх сурвалжаа илчлэхээр байцаах, дарамтлах зэргээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, мэргэжлийн үүргээ айх айдасгүй гүйцэтгэхэд ноцтой саад болж байна.
Үзэл бодлоо илэрхийлсний төлөө, мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө хэний ч амь насыг хороох, баривчлан хорих, мөрдөн мөшгөх, заналхийлэн дарамтлах ёсгүй.
Сэтгүүлчид аюулгүй орчинд ажиллах нөхцөлд иргэд чанартай үнэн бодит мэдээллээр хангагдана. Тухайлбал, ардчилсан засаглалтай болох, ядуурлыг бууруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, шударга ёс тогтох, хүний эрхийг хүндэтгэх соёл төлөвшинө. Тиймээс, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг шийтгэхгүй өнгөрөөх нь гэмт этгээдийг зөвхөн ял шийтгэлгүй үлдээгээд зогсохгүй, сэтгүүлч мэргэжлийн үүргээ биелүүлэх боломжгүй болж, нийгэмд тэдний үзэл бодлоо илэрхийлсэн дуу хоолой үгүйлэгдэж, өөрийн цензурийг бий болгосноор иргэдийн үнэн бодит мэдээллээр хангагдах эрхэнд ноцтой саад тотгор учруулна. Бодит боломжоо өргөнөөр хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл хомсодсон нөхцөлд нийгэм бүхэлдээ хохирдог.
Иймд, Олон улсын энэ өдөр зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас гадна олон нийтэд хандаж, сэтгүүлчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө баривчлан хоригдсон, сүрдүүлэг дарамт, заналхийлэл, халдлагад өртсөн тохиолдол бүрт хуульт ёсны зарчмыг бүрэн баримтлахыг эрх баригчдаас шаардахыг уриалж байна.
Эх сурвалж: Globe International Center