“Жи-тайм” гэх пирамид сүлжээг Монголд оруулж ирэн олон иргэнийг хохироосон гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэж, таван жил хорих ял сонссон Э.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Монгол Улсын өнцөг булан бүрээс 11 398 иргэнийг элсүүлж, 25.8 тэрбум гаруй төгрөг залилсан хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, 11.8 тэрбум гаруй төгрөгийг Э.Оюунчимэгээс, иргэний хариуцагч буюу дээрх сүлжээнд элсэн урамшуулал, мөнгө авсан 906 хүнээс 6.88 тэрбумыг гаргуулж хохирогч нарт олгохоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сард шийдвэрлэсэн билээ. Мөн Төрийн сан дахь МБА-ны тусгай дансанд байршуулсан 7.8 тэрбумыг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох, эд мөрийн баримтаар хураасан зургаан автомашиныг борлуулж, орлогыг хохирогчдод өгөхөөр болсон билээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Э.Оюунчимэг болон “Жи-тайм” сүлжээнээс ашиг олсон 906 хүний төлөөлөл, тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдсан юм. Тэдний гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд Э.Оюунчимэгт анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр үлдээж, шүүгдэгч, иргэний хариуцагчдаас гаргуулахаар заасан хохирол төлбөртэй холбоотой хэсгийг өөрчилсөн байна. Тодруулбал, зарим хохирогчийн авах төлбөрийг тогтоолд тусгаагүй байсныг нэмж бичиж, шүүгдэгч Э.Оюунчимэгээс бүх төлбөрийг гаргуулах тогтоолын заалтыг өөрчлөн “Жи-тайм”-ыг Монголд оруулж ирээд өдгөө зугтаж алга болсон Маженов Маратын битүүмжилсэн хөрөнгөөс авахаар болжээ.