Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх “Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ”-ний энэ оны ээлжит уулзалтад оролцож, хурлын үйл ажиллагааг нээн үг хэллээ.
“Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ” нь дэлхийн даяар тархан суурьшсан уламжлалт мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, эрх ашгийг нь хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Элчин сайд Ц.Жамбалдорж арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д тусгагдсан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээрх арга хэмжээг бодит ажил хэрэг болгоход “Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ” чухал үүрэгтэйг онцлохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” санаачлагын талаар товч танилцуулав.
Тэрээр уулзалтын үеэр “Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ”-тэй хамтран ажилладаг олон улсын судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй манай дэвшүүлсэн санаачилгыг ажил хэрэг болгоход хамтран ажиллах талаар санал солилцов.
Энэхүү санаачилга НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын журмын дагуу өнгөрсөн 10 дугаар сард болсон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хөдөө аж ахуйн хорооны 27 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэж, 126 орны саналаар дэмжигдэн дараагийн шатанд НҮБ-ын ХХААБ-ын Зөвлөлийн 165 дугаар хурлаар мөн дэмжигдсэн. Дараагийн шатанд 2021 онд болох НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар чуулганаар хэлэлцэгдэнэ.
Гадаад харилцааны яам