ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоход 2020 оны 12 дугаар сарын эхний 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх эрсдэлт тохиолдолоос 2.9 дахин, Сэлэнгэ аймагт 85 тохиолдлоор, Дорноговь аймагт 2.8 дахин бага байсан нь Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлыг тогтоож хариу арга хэмжээ авсны үр дүн хэмээн үзэж байна.
Бид нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцоход Улаанбаатарт хөл хорио эхлэх үед халдвартай 1 хүн 4 хүнд, Сэлэнгэ аймагт 8 хүнд халдвар тараах эрсдэлтэй байсан бол хөл хорионы дүнд халдварлалтын түвшин 1 буюу түүнээс доош болж буурсан.
“Ковид-19 халдварын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал”-ын судалгаагаар хариу арга хэмээний үр дүнд хүн амын 1 хувьд халдвар тархсан тохиолдолд 80.7 тэрбум, харин 5 хувьд халдвар тархахад 464.7 тэрбум, 10 хувьд нь тархахад 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн дарамт учрахаас сэргийлжээ. Хариу арга хэмжээг эрт авснаар хүн амын дунд Ковид-19-с шалтгаалсан нас баралт тохиолдоогүй бөгөөд хүн амын дунд 1 хувьд нь тархсан бол 12.685 хүн жил, 5 хувьд тархахад 63.429 хүн жил 10 хувьд тархахад 126.859 хүн жил алдах байснаас сэргийлжээ.
Гэхдээ бид тайвшрах болоогүй ээ. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй бол цар тахлын ХОЁР дахь давалгаа ирэх оны 2 дугаар сараас эхлэх магадлалтай байна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын хуралдааны үеэр КОВИД-19-тэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулах үеэр хэллээ.
Л.Баяр