Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотын нэгэн оршин суугч бүсгүй нүднийх нь дор гарсан жижигхэн толбо үхлийн аюултай өвчний шинж тэмдэг байсан тухайгаа ярьжээ.
Таван жилийн өмнө, тухайн үед 29 настай, хоёр дахь хүүхдээ тээж байсан Хайпены нүүрэн дээр хачирхалтай толбо үүссэнийг эх нь анзаарсан байна. Нүднийх нь дор гарсан энэ толбо нь өнгөгүй, тунгалаг, жижигхэн хэсгийг хамарсан байсан бөгөөд бага зэрэг гялтганаж харагддаг байжээ. Гэвч бүсгүй ээжийнхээ хэлснийг нэг их тоолгүй өнгөрөөжээ.
Найман сарын дараа Хайпенд хорт хавдартай тэмцэх эмнэлгээс утасдаж, шинжилгээ өгөхийг сануулсан байна. Бүсгүй ч хэлснийх нь дагуу эмнэлэгт хандсан гэнэ. Тэрбээр эмчдээ уг толбоныхоо талаар хэлэх хүртэл эмч нь огт анзаараагүй байна. Ингээд эмч тэрхүү хэсгийг микроскопоор хараад, базалиома буюу арьсны хорт хавдрын нэг төрөл болохыг сануулжээ. “Тэр дахин дахин хараад л, хавдрыг яаралтай авахгүй бол болохгүй гэж хэлсэн” хэмээн бүсгүй хэлжээ. Хавдар хоёртын австрали зоосон мөнгөний хэлбэртэй байсан аж. Эмчилгээний дараа өвчтөнд зүүн нүднээс нь уруул хүртэл сорви үлдсэн байна. Уг сорви нь таван жилийн хугацаанд бараг эдгэрсэн гэжээ.
Хэрвээ энэ эмэгтэй нэн даруй эмнэлэгт хандаагүй бол хараагүй болох, бүр муугаар яривал амиа алдах ч эрсдэлтэй байсныг эмч нар сануулжээ.
Өдгөө австрали бүсгүй эмнэлгийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, арьсандаа онцгой анхаарал хандуулдаг болжээ. Тэрбээр өмнө нь шарлага эмчилгээнд явах дуртай байсан нь хавдар үүсгэсэн байж болзошгүй гэж үзжээ.
Хайпен энэхүү түүхээ хуваалцсан нь хүмүүсийг эмчид ойр ойрхон үзүүлж, тогтмол шинжилгээнд хамрагдахаас гадна нарны хамгаалалттай тос байнга түрхэх, шарлага ойр ойрхон хийлгэхгүй байхыг сануулсных гэнэ.
Орчуулсан Э.МАРТ
Эх сурвалж: lenta.ru