Коронавирусийн эсрэг вакциныг судлах, худалдан авах УИХ-ын ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байна.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар өчигдөр вакцинтай холбоотой асуудлаар хэд хэдэн элчин сайдтай уулзалт хийгээд байна. Тодруулбал, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески, Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай ВэньРуй, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов болон Их Британийн Элчин сайд Филип Малоун нартай уулзлаа.
Уулзалтаар вакцин болон бусад асуудлаар санал солилцсон байна. Энэ талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа олон нийтэд мэдээлж байсан юм. Ингээд тус мэдээллүүдийг багцлан хүргэж байна.
АНУ-аас Монголд 50 ширхэг амьсгалын аппарат хандивлана
-АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур бэлэглэхээр болсноо илэрхийлсэн байна. Мөн талууд АНУ-д үйлдвэрлээд байгаа Модерна вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцан санал солилцжээ.
Хоёр улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг анхаарч ажиллана
Сангийн сайд Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай ВэньРуй Хятад улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, манай улсад ханган нийлүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Мөн Ковид-19 цар тахлын энэ үед нүүрс тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч, хил гаалийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тээвэрлэлттэй холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэж, хоёр улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг анхаарч ажиллахыг онцолж хүссэн байна.
Монгол Улсад Спутник-5 вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх боломжтой
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж Спутник-5 вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа. Монгол Улсад Спутник-5 вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг Элчин сайд илэрхийлжээ. Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээлсэн байна.
КОВАКС хөтөлбөрийн хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзлаа
Их Британийн Элчин сайд Филип Малоунтай уулзаж, Засгийн газраас ковид19-ын цар тахлын тархалтыг хумих, эдийн засгийн хямралыг даван туулах, вакцины чанар болон эрсдэлийн талаар ярилцаж санал солилцлоо. Их Британи улс нь хөгжиж буй 92 оронд вакцин авах боломжийг ижил тэгш хүртээх зорилготой Ковакс ЭйЭмСи (Covax AMC) хөтөлбөрийг 550 сая фунт стерлингээр, мөн эмчилгээ, оношлуур, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Ковакс ЭйСиТи (Covax ACT Accelerator) механизмыг 800 сая фунт стерлингээр санхүүжүүлсэн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Мөн вакцин дундаас хамгийн хадгалалт, тээвэрлэлт даах чадвартай АстраЗенека вакциныг гаргаж аваад байгаа улс юм.
Л.Баяр