Хараат бус, шударга шүүх байгуулахад иргэдийн оролцоо ч чухал талаар доктор О.Мөнхсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хараат бус, шударга шүүхгүйгээр иргэний ямар ч эрх баталгаатай хэрэгжихгүй, хүчтэн (мөнгө, эох мэдэл)-ий хөлөнд гишгэгдээд л өнгөрдөг.
Хараат бус, шударга шүүхгүй бол хууль бус эрх мэдэлтэн засаглана; хэрэг, маргааны хувь заяа хууль, баримтын дагуу бус, харин “зүй бус нөлөө”-өөр шийдэгдэх тул хуульч, өмгөөлч, прокурор, шүүгчийн ажил ч ямар ч утга учиргүй.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн, олон улсын туршлагыг харгалзаж, судалгаанд суурилсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах Шүүхийн тухай сайн, урт настай хуулийг Монгол Улсын Их Хурал батална гэж найдаж байгаа. Үүний төлөө УИХ-ын гишүүд улс төрийн зориг гаргаж үнэхээр чармайж байна.
Энэ түүхэн үйл хэрэг бүтэхэд гишүүд багагүй бэрхшээлтэй тулж байгаагаа ил хэлж байна. Үүнийг даван туулж амжилтад хүрэхийн тулд улс төрчид манлайлахын зэрэгцээ хуульчид, судлаачид, иргэний нийгмийнхэн, иргэд дэмжихээ сайн дэмжиж, шүүмжлэхээ сайн шүүмжилж, саналаа хэлэх нь нэн чухал байна. Ардчилсан улсын иргэний хувьд сайн хуулийг батлахыг дэмжих нь эн тэргүүний ёс суртахууны үүрэг. Олны хүч оломгүй далай” хэмээв.
Б.Ирээдүй