Энэ гайхамшиг биш гэж үү? Дэлхий даяар цар тахал нүүрлэж, хүмүүс өдөрт л хэдэн мянгаараа нас барж байхад жилийн өмнө коронавирус үүссэн Хятадад бүх зүйл ажин түжин байна. Энэ өдөрт 10-15 хүн л өвчилж байна. Албан ёсны тоо баримт л даа.
Харин хамгийн сүүлд дөрөвдүгээр сард л хүн нас барсан гэдэг. Яагаад ийм байна вэ? Хятадын засаг захиргаа статистикаа хуурамчаар гаргаж, өвчний явцаа нууж байна уу? Яг л цар тахлын эхэн үеийнх шиг.
Эсвэл авторитар засаглалтай улс ардчилсан улсаас илүү хүмүүсээ хөдөлгөж чаддагийг харуулах тод жишээ болоод байна уу? Хятадын энэхүү хачирхалтай үйлдлийн хариуг авахаар Оросын “Комсомольская правда” хэвлэл Оросын Сеченовын их сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын дээд сургуулийн профессор Артем Гильд хандсаныг орчуулах хүргэе.
13-хан тохиолдлоос болоод 11 сая хүн амтай хотынхоо бүх иргэнийг шинжилгээнд хамруулсан
-Өдгөө дэлхийн бүх улс Хятадын туршлагыг судалаад, Бээжингийн амжилтын гол шалтгаан нь төр засаг нь барууны орнуудынхаар бол коронавирусийн тархалтыг хянах луугийн арга хэмжээ авсных гэдэгтэй санал нэгдсэн. Магадгүй мэдээллийг дэгсдүүлсэн зүйл байж болох.
Гэхдээ Америк, Европынх шиг цар тахал огцом нэмэгдээд байвал өмнө нь харсан шиг бүх хот, мужууддаа хөл хорионы маш хатуу арга хэмжээ авах байсан шүү дээ. Хятад улс Ухань хотод хөл хорио тогтоож, хүмүүс нь гэрээсээ ч цухуйж чадахгүй болж, тээврийн хэрэгслийг бүхэлд нь зогсоосон шиг карантин гэсэн үг. Гэтэл одоо тийм зүйл огт алга байна.
-Луугийн арга хэмжээ та яг юуг хэлээд байна вэ?
-Танд нэг жишээ хэлье л дээ. Сар хагасын өмнө, аравдугаар сард Циндао хотод 13 хүн коронавирусээр өвчилсөн юм. Хятадын хэмжилтээр бол энэ нь онц байдал. Циндао бол тус улсын зүүн эрэгт байрладаг боомт хот бөгөөд дэгдэлт нь уушгины эмнэлэгт гарсан.
Ингээд хамгийн түрүүнд дэгдэлт гаргасан эмнэлгийн ерөнхий эмчийг, түүнчлэн эмнэлэг байдаг мужийн эрүүлийг хамгаалах комиссын тэргүүнийг ажлаас нь халсан. Хүн амын хамрах хүрээг дээд зэргээр хязгаарлаж, холбоо барих мөшгих ажлыг идэвхтэй хийсний үр дүнд дэгдэлтийг зогсоож, цаашид тархаагүй. Эсвэл тухайн орны зочидтой холбоотой арга хэмжээ авсан.
Учир нь Хятадад бүртгэгдэж байгаа тохиолдлуудын олонх нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна. Өөрөөр хэлбэл Европ, АНУ, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азиас Sars-Cov-2-ийг Хятадад авчирч байна. Энэ улсад ирж байгаа бүх хүнийг албадан хөл хорионд оруулж, шинжилгээнд хамруулдаг.
Үүнээс гадна энэ улсад нэвтрэхийн тулд заавал шинжилгээний хариутай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Онгоцонд коронавирусийн шинжилгээнд ороогүй зорчигчид сууж явснаас болоод онгоцыг агаараас буцаах шийдвэр гаргасан тохиолдлууд ч бий. Эсвэл онгоцыг нисэхээс өмнө хүлээн авахаас татгалзах жишээтэй. Барууны орнуудад бол ийм арга хэмжээ авахыг төсөөлөх ч үгүй.
Жишээ нь гэхэд АНУ-д 11 сая хүн амтай хот, эсвэл мужаас бүхэлд нь шинжилгээ авах боломж байхгүй. Ийм зүйл болбол хүн амынх нь зарим хэсэг нь дургүйцэж, эмх замбараагүй байдал, эсэргүүцэл дэгдээж мэднэ.
Харин Хятадад энэ бүгдийг улс төрийн байгуулал, мөн төр засгийнхаа зааврыг үг дуугүй биелүүлдэг, амьсгалын замын аюултай вирусийн өмнөх цар тахлуудыг сайн санадаг хүн амынх нь дэг журмын онцлогоос шалтгаалан хийж чадаж байна.
Хятадад сүргийн дархлаа хаанаас бий болох вэ?
-Тэгэхээр авторитар дэглэм нь ардчилсан улс орнуудаас ч илүү тахалтай тэмцэхэд нэмэр болж байна гэсэн үг үү?
-Тийм э, ЗХУ-ыг жишээ болгон татаж болно. ХХ зууны эхээр, Хаант Орос улсын үед байж болох бүхий л халдварт өвчний нас баралт давамгайлж байсан гэдэг. ЗСБНХУ оршин тогтнох эхний он жилүүддээ Семашкогийн загварын эрүүл мэндийн системийг байгуулж, мэргэжилтнүүдийг анхны дохиогоор өндөр хүрэлцээтэй байлгах, эрүүл ахуй, халдвар хамгааллын албыг богино хугацаанд бий болгох ажлыг явуулсан.
Үр дүнд нь нас баратын гол шалтгаан нь халдварт бус өвчлөл болсон. Ийм зүйлийг асар богино хугацаанд ЗСБНХУ шиг авторитар дэглэм л хийх боломжтой. Хэрвээ Хаант Орос улс хэвээр байсан бол энэ шилжилт харьцангуй удаан явагдах байсан.
Хятадад яг одоо бас л улс төрийн байгууллынх нь онцлог тус боллоо. Яагаад гэвэл халдварыг дарах хамгийн үр дүнтэй арга бол хатуу хориг арга хэмжээ, хяналт. Ардчилсан нийгэмд хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой учир хувь хүн гэсэн үзэл ноёлж, хүмүүс өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж, ийм арга хэмжээ авахыг хүн ам нь цаанаасаа зөвшөөрөхгүй.
-Хятадууд халдварыг үндсээр нь бүрэн устгахыг оролдсоноор зөв юм хийж байна уу? Дэлхий нийтээрээ аажмаар сүргийн дархлаа тогтоох чиглэл рүү явж байхад тэдэнд дархлаа зарчмын хувьд алга байна. Орчин цагт дэлхий ертөнцөд улс орнууд тусгаарлагдах боломжгүй болсон учраас бусад улс орнууд хэдийнэ хамгаалсан байхад вирус ямар ч байсан тэдэн дээр эргэн ирэх нь ойлгомжтой?
-Хятад улс шинжлэх ухаан, техникийн хөгжлийнхөө замд хэдийнэ орсон. Тэд 11 вакцин боловсруулж байгаагийн 5 нь хэдийн клиникийн туршилтын гуравдугаар үе шатандаа явж байгаа. Долдугаар сарп Бээжин яаралтай хэрэглэх нэг вакцин бүртгэж, 4 сарын турш эрсдэлтэй бүлгийнхнээ тарьж байгаа. Энэ нь үндсэндээ эрүүл мэндийн салбарын ажилтнууд, гаалийнхан.
Өөрөөр хэлбэл хилийн чанадаас тээвэрлэж ирсэн тохиолдолд вирус тээгчидтэй харьцдаг хүмүүс гэсэн үг. Вакцины боловсруулалт бэлтгэлийн өндөр түвшинд яваа болохоор хятадууд тодорхой хугацаанд хүн амаа бөөнөөр нь вакцинд хамруулчихна.
Энэ бүгдийг маш зохион байгуулалттай, хурдан хийнэ. Яг л Уханьд COVID-19-ийн анхны дэгдэлтийг яаж дарсан билээ, түүн шигээ л ажилана. Ингээд л Хятадад вакцинжуулалтаар сүргийн дархлаанд хүрч, хүн амаа ямар ч өвчлөл, нас баралтгүйгээр шийдвэрлэх боломжтой. Гэтэл Шведэд энэ аргаар сүргийн дархлаа тогтоох гэж оролдсон шүү дээ.
Орос яагаад өөрийн замаар явах ёстой талаар
-Хятадууд цар тахалтай тэмцэхэд тоон технологийг маш үр дүнтэй ашиглаж байгаа гэж ярьдаг. Бас тэднийг дэлхий дээрх хамгийн хүчирхэг шинжилгээний системтэй гэдэг?
-Үнэхээр тийм. Бодоод үз л дээ, богино хугацаанд 11 сая хүн амтай хотоос шинжилгээ бүрэн хийнэ гэдэг анагаах ухааны түүхэнд байу боломгүй үзэгдэл. Хятад улс өндөр технологийн гүрэн болон хувирсан, цар тахлаас ч өмнө эмзүйн хүчирхэг үйлдвэр, аж шйлдвэртэй, эмнэлгийн тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэдэг байсан.
Хятадууд янз бүрийн халдварт өвчний үед хэрэглэх шинжилгээний системийг боловсруулах, үйлдвэрлэх аргыг эртнээс эзэмшсэн. Тэд хавьтсан хүмүүсийг хянах, өвчтэй хүмүүстэй харьцсан хүмүүсийг тооцож гаргах, тэднийг гэрийн хорионд ёуулагх IT шийдлийг боловсруулж, нэвтрүүлсээр байна.
Энд нэмж хэлэхэд зөвхөн гэрийн хорионд оруулахгүй. Тэд зочид буудлыг хавьтсан хүмүүсийг тусгаарлахад идэвхтэй ашиглаж, гэр бүлд нь халдаахгүй тал дээр анхаарч байна.
-Хятадын туршлагаас манайд, Орост алийг нь ашиглаж болохоор вэ?
-Энэ туршилт бидэнд шинэ вирус гарсан дараагийн цар тахлын үед л хэрэг болох болов уу. Ийм зүйл зайлшгүй бий болох нь ойлгомжтой. Учир нь ийм үйл явдал болох тодорхой үе шатууд байдаг. Бид дотооддоо анхны дэгдэлтийг дарах талаар Хятадын туршлагыг мэдэж авах ёстой. Хамгийн хатуу хөл хориог хэсэгтхэн хугацаанд авч, хавьтагчдыг идэвхтэй хайж, нийтээр нь шинжилгээнд хамруулах хэрэгтэй.
-Тэгвэл одоо яагаад Хятадын аргыг Оросын хөрсөнд суулгаж болохгүй гэж. Хөдөлгөөнт цэс, хавьтагчдыг илрүүлэх гээд л…
-Энэ арга Орос, АНУ, Европ шиг ийм ихээр тархаагүй, тахлын хязгаарлагдмал нөхцөлд л явуулах боломжтой. Тахал улс даяар хамарсан ийм үед бид өвчтэй бүх хүнийхээ хавьтлыг хянаж эхэлбэл манай эрүүл мэндийн систем хүчрэхээ болино. Бидэнд хүн хүч, нөөц бололцоо гээд аль аль нь хүрэлцэхгүй. Хятадад бага тоон дээр нөхцөл байдлыг хянаж болж байна.
Хэрэв зээ тэнд вирус их тархсан байвал ямар ч IT технологи тус болохгүй, цэс нь ашиг тусаа өгөхгүй байсан. Харин хятадууд Орос шиг ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах байсныг бид мэдэхгүй юм. Яагаад гэвэл Хятадад COVID-19 их хэмжээгээр тархсан явдал огт гараагүй. Тиймээс л бид өөрсдийнхөө замаар явах ёстой болсон гэсэн үг.