Ковид-19 халдвар дэлхий нийтэд гарсан цагаас эхлэн улс орнууд судалгаа хийж, вакцины талаар ярьж, үр дүнтэй, чанартай, аюулгүй вакциныг дэлхий нийтээрээ хүлээж байна. Монгол Улсын хувьд “Дархлаажуулалтын тухай хууль”-тай дэлхийн цөөн орны нэг. Манай улс хүн амаа дархлаажуулатанд хамруулах ажлыг олон жилийн хугацаанд өөрийн тогтсон мэргэжлийн баг, бүтцээр дамжуулан хийдэг системтэй болсон. Үүний нэг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба юм. Харин Ковид-19 халдварын эсрэг вакциныг сонгох, судлах, захиалга хийх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг гараад ажиллаж байна.
Эдгээр ажлыг ЭМЯ-ны дэргэдэх Дархлаажуулалтын Зөвлөх хороо удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Ард иргэдээ ковидын вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу энэ оны төсөвт тодотголоор 20 тэрбум, ирэх оны төсөвт 27 тэрбум гээд нийт 47 тэрбумыг тусгасан. Мөн нэмэлт санхүүжилт дээр Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран ажиллана.
Дэлхийн банкны хувьд вакцины нийлүүлэлттэй илүү оролцоотой байдаг учраас бидэнд цаг алдахгүй авах боломжийг илүү олгох юм. Бидний зүгээс вакцин авах хүсэлтээ албан ёсоор өгсөн, нийлүүлэлт хийнэ гэдгээ бидэнд илэрхийлсэн байгаа гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
Л.Баяр