Эх сурвалж : Г.РАВЖАА
Ерөнхий сайд асан С.Баяр, түүний найз, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням болон тэдний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн, Б.Мөнхбат, О.Сайнгэрэл, Ө.Оргил нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Уг нь тэдний хэргийг өчигдөр С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэрэгтэй нэгтгэн хэлэлцэхээр болсон ч өмгөөлөгч нар нь хүсэлт гаргаснаар тусад нь хэлэлцэхээр болсон юм. Улмаар “Оюутолгой”-н гэх 400 гаруй хавтаст хэргээс С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлан хувилсан 64 хавтас, 15 000 гаруй хуудас баримтыг хэлэлцэхээ түр хойшлуулж, үндсэн хавтаст хэрэгт нь цугларсан баримтад тулгуурлан өнөөдөр 11.30 цагаас эхлэн шинжлэн судлав.
Хорих ангиас С.Баяр, Ч.Давааням нар, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд гаргасан тусгай өрөөнүүдэд өмгөөлөгч, прокурорууд сууж хэргийг хэлэлцсэн бөгөөд 15.52 цагт шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарласан юм.
Дөрвөн цаг орчим зөвлөлдсөний эцэст шүүх бүрэлдэхүүн магадлалаа танилцуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.
НПГ-аас С.Баярыг 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны Хөрөнгө оруулалтын гэрээний тухай 58 дугаар тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах яриа, хэлэлцээ хийхийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны эрх олгох тухай тогтоолоор “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвонхоу майнз Монголиа инк”, “Айвонхоу майнз лимитед”, “Рио тинто интернэйшнл холдингс” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгож, мөн өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК, “Айвонхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-нд “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК 418.4 тэрбум шахам төгрөгийн орлого олох боломж олгосон.
Энэ гэрээний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн давуу байдал болон улсын эдийн засагт хүнд хор учруулсан. Бусдад давуу байдалд олгож олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Ч.Даваанямтай бүлэглэн АНУ руу явж, өөрийн том охин Б.Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэж үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлж байгаа нэрийдлээр тус улсын Сиатл, Нью-Йорк хотод 2010-2014 онд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг 11 643 мянган ам.доллароор худалдан авсан.
Улмаар дээрх хөрөнгийг борлуулсан мөнгийг АНУ-ын Bank of America банк дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд 3.6 сая шахам ам.доллар буюу 5.6 тэрбум төгрөг авч мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сарын 23-нд С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил хасаж, нээлттэй дэглэмд таван жил хорих ял оноон, хууль бусаар олсон 5.6 тэрбум орчим төгрөгийг хурааж, улсын орлого болгох шийдвэрлэсэн.
Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцын үнэ болох 5.7 гаруй төгрөгийн үнэлгээ бүхий тус улсын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж албан тушаалаа урвуулсан үйлдлийг нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж нэг жил зургаан сар, мөнгө угаасан үйлдэлд нь уг хуулийн 18.6-2.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” гэснийг өөрчилж, 18.6-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтад шилжүүлэн нэг жил хорих болгон хөнгөрүүлжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх хоёр буруутай үйлдэлд ногдуулсан ялыг нь нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг хоёр жил зургаан сараар тогтоов. Харин Ч.Даваанямд оноосон ялыг нэг жил хорих ял болгон өөрчилжээ. Тэднээс 5.7 тэрбумын хөрөнгө хурааж, улсад оруулах анхан шатны тогтоолыг хэвээр үлдээсэн байна.