-Хөрөнгө хураах тогтоол гаргасан нь зөв гэж дүгнэлээ-
Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж шатны шүүхэд хэлэлцлээ. Уг нь өнгөрсөн мягмар гарагт хэлэлцэхээр товлоод байсан Ерөнхий сайд асан С.Баяр, түүний найз Ч.Давааням нарт холбогдох үйлдлийг уг хэрэгтэй нэгтгэн өчигдөр шийдвэрлэхээр болсон ч эл хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүсэлт гаргаснаар хэргийг нь дахин тусгаарлаж, С.Баярцогт тэргүүтэй таван хүний давж заалдах гомдлыг хянасан юм.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард шүүгдэгч С.Баярцогтыг 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олох боломж бүрдүүлэн улсад хохирол учруулсан, “Айвенхоу майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн зах дээр уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банканд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан, 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авсныгаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, автозогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 10 жил хорих ял оноон, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэм буруутай гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.
Цар тахалтай холбоотойгоор шүүх хурлын оролцогчдыг нэг танхимд байлгахгүй, онлайнаар хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч таван хүн ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас, прокурорууд болон өмгөөлөгч нар нь Давж заалдах шатны шүүхийн байранд гаргасан тусгай өрөөнүүдээс гаргаж буй гомдол, үндэслэлээ тайлбарласан. Шүүгдэгч таван хүн л гэхэд давж заалдах гомдлоо бүтэн хоёр цаг тайлбарласан бол, өмгөөлөгч нар нь гурван цагийн турш үгээ хэлсэн. НПГ-ын гурван прокурор 17.20 цагийн цагийн үед дүгнэлтээ танилцуулж эхэлсэн бөгөөд 18.30 цагт тэднийг үгээ хэлж дууссанаар шүүх хурал завсарласан юм. Улмаар хуралд оролцогчдод “Арванхоёрдугаар сарын 4-ний 09.00 цагт дүгнэлтээ танилцуулна” хэмээн мэдэгдээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн юм. Шүүгч нар 22.20 цаг хүртэл зөвлөлдөөд өнөөдөр өглөө 08.30 цагаас үргэлжлүүлж, улмаар 11.30 цагт магадлалаа танилцууллаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор боллоо. Харин С.Баярцогтоос хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээжээ.
Шүүх бүрэлдэхүүн үргэлжлүүлээд С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах гомдлыг хэлэлцэж байна.
Г.РАВЖАА