УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АН-ын бүлгийн дүгнэлтийг тус намын дарга Д.Ганбат танилцууллаа.
Тэрбээр “УИХ-ын гишүүн “2019 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн гэсэн статистик байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хоёр хүн тутмын нэг нь ядууралд өртөж, аж ахуйн нэгж байгууллагууд ээлж дараалан хаалгаа барьсан. Үүнээс үүдэн 150 гаруй ажлын байр байхгүй болох гэж байна.
Энэ байдал он дуустал үргэлжилбэл 430 гаруй мянган хүн ажлын байраа алдахаар байна. Иргэд орлогогүй болж, ажлын байраа алдсанаар цаашид амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөлд шилжиж байгаа.
2020 оны аравдугаар сарын байдлаар нийт айл өрхүүдийн 72 хувь нь хадгаламжгүй байна. Энэ нь цар тахлын үеийн хөл хориог даван туулах боломжгүйг харуулж байгаа хэрэг юм.
УИХ дахь АН-ын бүлгээс 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, төсвийн зардлыг танаж, алдагдал багатай батлах, өрийн дарамтыг багасгах, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх асуудлаар тодорхой санал хүргүүлсэн.
Төсвийн тухай хуулийг дахин өргөн барихыг шаардсан ч эрх баригчдын зүгээс 2021 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулсан төслөө баталсан.
Одоогоос дөрвөн сарын өмнө УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар өмнөх оны төсөвт тодотгол хийхдээ 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Ийнхүү хоёр жилийн хугацаанд санхүүгийн буруу шийдвэрийн үр дүнд Засгийн газрын өрийг 6.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг дахин сануулъя.
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна.
Тодруулбал, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж бусдыг нь ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд нэг их наяд 158 тэрбум төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцааж, 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломжтой.
Мөн уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хүртэлх хувь буюу нэг их наяд төгрөгийг ЖДҮ-ийн санд төвлөрүүлж, импортыг орлох ажлын байр бий болгож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.
УИХ-аар батлагдсан 2021 оны төсвийн тухай хууль 14 заалт зөрчсөн. Иймд эргэн харж, хуульд нийцүүлэх шаардлагатай” гэлээ.