Энэтхэг улсад нүүрс экспортлох туршилтын тээврийг хоёр улсын холбогдох яамд зохион байгуулахаар тохирчээ

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр цахим хэлбэрээр болов.

Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарнар тэргүүлж, Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох яамны төлөөлөгчид оролцлоо.

Энэтхэгийн талаас тус улсын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива тэргүүтэй манай улстай хамтын ажиллагаа хөгжүүлж буй холбогдох яамны өргөн төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, худалдаа,эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөөаж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, коксжих нүүрс зэрэг уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох ажлыг эхлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Тухайлбал, Энэтхэг Улсад нүүрс экспортлох ажлыг зохион байгуулах хүрээнд Тавантолгойн нүүрсний дээжийг Энэтхэг Улсад илгээж буйг манай талаас тэмдэглэв. Мөн туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хоёр улсын холбогдох яамд хэрэгжүүлэхээр тохиров.
Энэтхэг Улстай мэдээллийн технологийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцсаны дотор Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулах ажлыг шуурхай урагшлуулахаар тохиров. Мөн энэ салбарт боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэг Улс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд манай улсад айлчлах үеэр талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар тохирсон билээ. Энэ ажлыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа эхлүүлэхээр болов. Энэтхэг Улс манай англи хэлний багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, ирэх онд англи хэлний цахим сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Талууд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, ойн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцоод байсан дээд, өндөр түвшний айлчлалуудыг ирэх онд аль болох ойрын хугацаанд зохион байгуулахаар ярилцав.

Хоёр тал олон улсын тавцанд бие биенээ дэмжиж, нягт хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч хадгалж, НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр ярилцав. Монголын тал Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ тус хуралдааны үеэр нотолсон.

Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын үеэр бүс нутгийн улс орнууд нягт хамтран ажиллах шаардлагатай байгаад талууд санал нэгдсэн юм. Хоёр талд саатаад байсан иргэдээ хүргэж өгөх тусгай үүргийн нислэгийг хамтран зохион байгуулах зэргээр ажиллаж ирсний сацуу цаашид “КОВИД-19” цар тахлыг даван туулах болон вакцин, эм, эмчилгээний чиглэлд өргөн хүрээнд мэдээлэл солилцож ажиллахаар ярилцав.

Хуралдааны төгсгөлд Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Ганжуур Данжуурын монгол хэлнээ орчуулсан дээжээс монголын талд бэлэглэв. Мөн Монгол, Энэтхэгийн дипломат харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан компаниас гаргаж буй шуудангийн маркийг хоёр тал албан ёсоор зарлав.

Талууд дараагийн хуралдааныг ирэх онд зохион байгуулахаар тогтлоо.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн