УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн ширээ бүрийг тусгаарлан шилэн наалт цахим сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүд шилэн хоргогүй хуралдаанаа хийж байгаа харагдсан юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “”Хямралын үеийн менежмент бол боломжоор удирдахад чиглэгдэх ёстой. Парламентын судалгааны хүрээлэнгээс олон улсын туршлагыг судалж үзсэн. Дэлхийн парламентууд шилэн хаалт тавиад хурлын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. БНСУ, Энэтхэг, Грек гээд олон улсын парламентын жишиг.
Эргэж буцсан шийдвэрүүд их эрсдэл дагуулдаг гэдгийг шилэн хоргыг авсан хүмүүс анхаараарай
Яг энэ жишгээр дэлхийн эдийн засгийг уналтад оруулахгүйн тулд үйлчилгээний газрууд шилэн хаалт хийж, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг чанд баримтлан ажлаа үргэлжлүүлж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилсан сэргийлэлтээ сайн хийгээд хэвийн ажиллаж болно гэдгийг харж байгаа.
Энэ жишгээр үлгэрлэх үүднээс УИХ шилэн хаалт тавьсныг зарим хүн эсэргүүцээд байна. Урьдчилан сэргийлэх хамгаалах бүхий л ажиллагааг олон улсын туршлага дээр тулгуурлаж нэвтрүүлэх хэрэгтэй. Гэвч эсэргүүцлийн улмаас шийдвэрээсээ эргэж буцаж байна. Эцэст нь халдвар тархвал хэн хариуцах вэ. УИХ-ын үйл ажиллагаа тэг зогсолтод орж эдийн засаг унавал хэн хариуцах вэ. Тэгэхээр шилэн хаалт, амны хаалт, зай барих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж болно гэдгийг дэлхийн нийтийн туршлагаас харж болно. Сайн туршлагыг суралцаад хэрэгжүүлж байгаа юм. Эргэж буцсан шийдвэрүүд их эрсдэл дагуулдаг гэдгийг шилэн хоргыг авсан хүмүүс анхаараарай” гэлээ.