Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 2-нд Баянхонгор аймгийн сум, багийн удирдлагуудтай өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цахим уулзалт хийлээ. Уулзалтад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан оролцож, мэдээлэл өгсөн юм.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зурагт Баянхонгор аймаг нэн их эрсдэлтэй гарч, өвөл, хавар цаг агаар хүндрэх төлөвтэй болжээ.
Өнгөрсөн зун гантай байсан Баянхонгор аймгийн нутгаар өвс ургамлын гарц муу, га-гийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, малын тарга хүч муу, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хомс, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг нэмж байгааг сумын удирдлагууд хэлж байна. Энэ жил ихэнх суманд зуншлага оройтсон, одоогоор нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, дунджаар 5-10 см, хонхор жалга газарт 20-60 см хүртэл зузаан цастай байгаа аж.
Нийт суманд өвс, тэжээлийн хомсдол үүссэн төдийгүй өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсч, шуудай нь 22-23 мянган төгрөгт хүрснийг сумын удирдлагууд цахим хурлын үеэр хэлж байлаа. Салбарын сайдын өгсөн мэдээллээр улсын нөөцөд байгаа өнжмөл өвсийг Баянхонгор аймгийн сумдад үнэ төлбөргүй олгох, харин нөөцийн өвсний үнийг 50 хувь хөнгөлөх асуудлыг ярилцаж байгаа гэв.
Өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, бууруулах үүднээс дотоодын болон импортын бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай өвс, тэжээлийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ярилцаж байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ихэнх нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэл нэгэнт үүссэн, цар тахлын нөхцөл байдал, зудын эрсдэлтэй нүүр тулж байгаад онцгой анхаарч, орон нутгийн удирдлагууд мах бэлтгэл, өвс тэжээлийн нөөцийг бэлтгэх, хуваарилах оновчтой зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болгов.
Түүнчлэн аймаг, сумдын удирдлагуудын хүсэлтийн дагуу өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлнэ гэдгээ хэлсэн юм.
Улсын Их Хурлын ХМОНХХ