УИХ-ын Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуулийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан УИХ болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар болов.

Төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дарга танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Тодруулбал, “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс… эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна гэдэг дүгнэжээ.

УИХ-ын чуулганы 2020 оны 11 дүгээр сарын 19-ний хуралдаанаар дээрх дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, энэ талаарх тогтоол баталсан. Хуульд зааснаар, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасан.

Мөн холбогдох хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй”  гэж заажээ.

Дээрх заалтуудыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

УИХ болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон нутагтаа байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа юм.

Тиймээс уг заалтын хийдлийг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, шилжилт хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс болгон өөрчлилж, мөн өдрөөс хуулийн шаардлага хангасан нэр дэвшигч нь тухайн орон нутагтаа оршин суугчаар бүртгүүлсэн байхаар нэмж залруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн