Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан түлшний нөөц болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хот энэ жил 710 мянган тонн сайжруулсан түлшний хэрэгцээтэй. Өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Нийслэл өдрийн хэрэгцээ 2800 тонн шахмал түлш хэрэглэж байна. Сайжруулсан түлшний нөөц өдөрт үйлдвэрлэж байгаагаас гадна 57 мянган тонн түлш байгаа. Улаанбаатар хотын хэрэгцээнд сард 90 мянга орчим тонн нүүрс байдаг. Тэгэхээр бидэнд хагас сарын хэрэгцээтэй дүйцэхүйц хэмжээний сайжруулсан түлшний нөөц байна.
Улаанбаатар хотын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар Улаанбаатарын зүүн талд шинэ үйлдвэрийг барьж байгаа. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай явж байна. Энэ долоо хоногт бид үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор сайжруулсан түлшний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр цаашдаа үйлдвэрлэлтэд асуудал гарахгүй болно” гэлээ.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан түлшний нэгжийн үнийг 50 хувиар хямдруулж байгаа. Тэгэхдээ зөвхөн ахуйн хэрэглэгч нарт зориулж буулгасан учир иргэд тонн гэлтгүй нэг шуудай сайжруулсан түлшээ 50 хувь хямдруулж авна гэдгийг онцлон хэллээ.
Л.Баяр