Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас “Good price” сүлжээ дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Уг дэлгүүр нь “Хүчит шонхор” захад 7800 төгрөгөөр худалдаалж буй махыг 16000 төгрөгөөр зарсан тул торгосон юм.
Түүнчлэн “Магнай трэйд” компани зохиомол хомсдол үүсгэсэн гэх үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгуулсан байна. Тус газраас хөл хорио тогтоосон өдөр (2020.11.11)-өөс хойш өнөөдрийг хүртэл зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд нийт 137 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд иргэдээс үнийн хөөрөгдөлтэй холбоотой гомдол, мэдээлэл тасрахгүй байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй юм. ШӨХТГ-т бүртгэгдсэн нийт мэдээллийн 50-60 хувийг үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудал эзэлж байна.