Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн цар тахалтай тэмцэх чиглэлээр дөрвөн багц арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Үүнд:
1. Дотоодод халдвар тархсан зургаан аймаг, Улаанбаатар хот нийт долоон газар Засгийн газрын нөөц хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Халдвар гарсан аймгуудад тусгаарлах ажлыг хийсэн.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Мөн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж байна. Эдгээр хуулиуд үйлчилж байсан. Одоо нэмэлт, өөрчлөлт оруулж хугацааг нь долдугаар сарын 1-н хүртэл сунгах юм.
3. Гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулах шийдвэр гаргаж байна. Нэг тонн сайжруулсан түлшийг 150 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Харин маргааш өглөөний 06.00 цагаас эхлээд 75 мянган төгрөгөөр худалдаална. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх ард 100 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн үед хөл хориотой байгаа учраас галлагаа нэмэгдэж байна.
4. Дотоодын халдвар тархсан нөхцөл байдлыг судалж байгаа. Эрсдэлтэй гэж үзэж байгаа найман бүс нутагт хөндлөнгийн хяналтын баг гаргаж байна. 10, 10 хоногоор гурван ээлж очиж шалгана.
- Нэгд, ХӨСҮТ, Цэрийн коспитал. Энд халдвар авсан иргэдийг эмчилж байна. Эмчилж байгаа эмч, сувилагчдын хамгаалалт, эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн устгал, цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг хянах юм.
- Хоёрт, тусгаарлах байр. Хоёр том голомтын нэг нь тусгаарлах байрнаас үүссэн гэж үзэж байгаа. Тиймээс тусгаарлах байруудад хөндлөнгийн шалгалт хийх, стандартын дагуу ажиллуулахад сарын хугацаанд хяналт шалгалт хийнэ.
- Гуравт, Сүхбаатар Алтанбулагийн боомт. Энэ боомтоор дамжиж халдвар орж ирсэн. ОХУ-ын манай улстай хилэлдэг газар нутагт өвчлөл хяналтгүй шахам байна. Тиймээс маш их эрсдэлтэй байна гэж үзэж байгаа.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар “Тусгаарлагдсан иргэдээс нэг ч төгрөг авахгүй байгаа. Бүгдийг нь улс дааж байгаа. Энэ хүмүүсийн хоол, байрны асуудал байна. Мөн халдвар хамгааллын бодисын асуудал нэлээд гарсан. Аймгийн засаг даргын нөөцүүдээс үүнд нэлээд зарцуулсан. Аймгуудаас ирсэн саналыг Сангийн яаман дээр нэгтгээд ийм шийдвэр гаргасан” хэмээн УОК-ын дарга Я.Содбаатар онцлон хэлэв.
Л.Баяр