Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Коронавирусийн эсрэг вакциныг хэрхэн зөөвөрлөж авчрах болоод хадгалалтын горимын талаарх төлөвлөгөө гаргасан байгаа юу?
-Манай улс Дархлаажуулалтын тухай хуультай. Хуулийн дагуу бүх арга хэмжээг зохион байгуулдаг. Коронавируст халдварын эсрэг вакциныг авахын тулд бид 2020 оны долдугаар сараас эхлэн холбогдох шатны байгууллагуудад саналаа хэлж, бэлэн байдлаа хангаж байгаа.
Одоогоор коронавирусийн эсрэг вакциныг хадгалах, түгээх, дархлаажуулах гэсэн төлөвлөгөөг гаргаж, дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэн, Шадар сайдаар батлуулахаар УОК-т албан бичгээр хүргүүлээд байна.
Монгол Улс дархлаажуулалтыг товлолын дагуу хийдгээс гадна H1N1 өвчний вакциныг ч ДЭМБ-ын шугамаар хамгийн түрүүнд авч хийсэн туршлагатай орон. Энэ туршлага дээрээ үндэслэн бүх төлөвлөгөөгөө бэлдэн ажиллаж байна.
-Вирусийн дархлаа богино хугацаанд тогтдог гэж байгаа. Тэгэхээр цаашдаа коронавирусийн вакциныг жил бүхэн хийлгэх нөхцөл үүсэх үү?
-Коронавирусээр өвдсөн хүмүүсийн дархлаа хэдий хугацаанд тогтож байгаа судалгааг дэлхийн 20 гаруй орон хийсэн байна. Хамгийн сүүлийн судалгаанаас харахад коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүмүүс зургаан сараас нэг жилийн дархлаатай болсон байна. Ер нь вирусийн дархлаа тогтох нь харьцангуй богино байдаг. Жишээлбэл, жил бүхэн томуугийн вакцин хийдэг. Урьдчилсан байдлаар харахад коронавирусийн хувьд ч жил бүхэн вакцин хийлгэх шаардлагатай болж магадгүй” гэсэн юм.
Л.Баяр