Коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбогдуулан арваннэгдүүгээр сард тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.
Тухайн үед Шадар сайд Я.Содбаатар “Хөл хорионы хугацаа дуусах хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй. Харин арванхоёрдугаар сараас шат дараатайгаар тусгай үүргийн нислэгээ үйлдэнэ” гэж мэдээлж байсан билээ.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулахдаа тусгай үүргийн нислэгийг энэ сардаа багтаан сэргээх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр “Гаднаас ирээд тусгаарлагдсан иргэд тусгаарлах байруудаасаа гарч байгаа учраас энэ сардаа тодорхой тооны тусгай үүргийн нислэг үйлдэхээр ажиллаж байна. Энэ долоо хоногт бол нислэг хийхгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа үед тусгай үүргийн онгоц авахгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулбал бид иргэдээ татаж авна. Судалгаа хийж, улс орнуудыг бүсээр нь авч үзэж байгаад хаанаас татахаа шийднэ. Нислэгийн тодорхой хугацааг ойрын үед мэдээлнэ. Франкфуртын нислэг цуцлагдсантай холбоотойгоор ихээхэн хүлээлт үүсч байна. Тусгаарлах байрны журмаа дахин шинэчилж авч үзэж байгаа” гэлээ.
Л.Баяр