Японы парламентын дээд танхим хүн амаа коронавирусийн эсрэг үнэгүй вакцинжуулах тухай нэмэлт өөрчлөлтийг одоогийн хууль тогтоомжид оруулахаар Лхагва гарагт /2020.12.02/ баталжээ. Энэ тухай тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Катсунобу Като ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Энэхүү хууль тогтоомжийн хүрээнд Японы засгийн газар ирэх оны дунд үе гэхэд бүх хүн амыг вакцинжуулахад шаардлагатай тунгийн хэмжээг бэлтгэх бодолтой байна” гэж Като хэлжээ. Тэрбээр нэмэлт, өөрчлөлтийг санал нэгтэй баталсныг тэмдэглэв. Үүнээс гадна вакцинжуулалт эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх хүмүүсийн эмчилгээний зардлыг хамруулахаар тус хуульд заажээ.