МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдийн нэрс тодорсон тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн. Нэр дэвшигчид дотор МҮОНРТ-ын ерөнхий захирал асан М.Наранбаатарын нэр явж байсан бөгөөд нэр дэвшээгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр “За манайхаан…
Манайхан гэдэг нь манай хэвлэлийн салбарын зарим нөхөд өө, захиалгатай сэвээ бүү хийж, “хөл”, “хөө” хоёртоо бүү чир л дээ.
Өчигдрөөс “МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдийн нэрс тодорлоо” гэх “мэдээн” дотор нэрийг маань хавчуулаад ихэд мэрийн сэвж байх юм.
Хавчуулагдсаны хувьд өөрийнхөө л зүгээс тайлбар юухан бичье.
Дэвших ёстой, ерөнхий захирлаар ажиллах учиртай хүн гэж итгэж найдаж, “дэвшүүлж” байгаа бол баярлалаа. Миний өмнөөс мөрийн хөтөлбөр бичээд өгчихсөн юм биш биз.
Тэгвэл дуулгаарай. Тэгээгүй бол бодит эсэхийг магадлаж байж мэдээлэх мэдээллийн зарчим хаачив гэж та “нөхдөөс” би асуух нь илүүц бишүү?
МҮОНРТ дээр болж байгаа үйл явцыг огт анхаараагүй гэж худал яриад яахав, анхаарч ажиглаж л байгаа.
Өөрийнхөөрөө харж дүгнэж суугаа.
Удирдлагын багтаа тодорхой шаардлага хүргүүлж эхлээд, цаашаа шаардлагууд нь өргөжин үргэлжилж байгааг хэн хүнгүй л харж сонсож байна.
Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулаач гэж шаардаж буйг ч мэдэж байна.
Харин 17 хүний нэрийг “дэвшүүлж” заримыг нь онцлон өргөмжилж, “итгэл хүлээлгэж” буй “мэдээнүүд” зорилготой гэдэг нь хэнд ч илэрхий харагдах юмаа.
Боломж нь байгаад яах ийх нь бусдын эрх ч гэлээ хомроголон “татаж унагах” нь зохисгүй байна.
МҮОНРТ хэзээ үеэс өнөөг болтол миний, манай хэвээрээ байдаг уу гэвэл байдаг.
Хамгийн эрчтэй, идэвхтэй цагаа тэнд өнгөрөөж, зориулж, үзэл санаа зорилгыг нь чигээ болгон ажиллаж амьдарсны хувьд болж байгаа, болохгүй байгааг нь харж, тэгчихмээр, ингэчихмээр гэх бодлууд надаас холддоггүй.
Жинхэнэ утгаараа олон нийтийнх байх статус нь юунаас болж алдагдахад хүрдгийг мэдэхийн хувьд, ана мана үзэж, үзэлцэж явсны хувьд тодорхой өөрчлөлт хэрэгтэйг мэднэ ээ.
Мөн гол үйлдвэрлэл, үзэл санааг хараат бусаар баттай хадгалж хангаж байж олон нийтийнх хэвээрээ үлдэхийг ч хамгийн сайн мэдэх хүн гэвэл би байна аа гэж ам дүүрэн хэлнэ.
Гэвч ерөнхий захиралд нэр дэвшээгүй гэдгээ албан ёсоор хэлье.
Харин энэ газрын ирээдүй, үндэстний оюун санааны дархлаа баталгаатай байх нь ганц миний биш бидний, бүгдийн, олуулаа санаа зовох, санаа тавих “хамгийн их хамаатай” зүйл мөн юм шүү гэдгийг хэлэх гэсэн юмаа” гэжээ.
Н.БАТАА