Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нарыг хэргийг салгаж анхан шатны шүүхээр хэлэлцсэнийг давж заалдах шатны шүүхээс буцаан нэгтгэх шийдвэрийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн гаргалаа. Ингэхдээ маргааш С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэн хэлэлцэхээр болов.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын тайлбарласнаар, энэхүү хуулбар хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээс өмнө хийгдсэн ажиллагааны баримтууд болон хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд авагдаагүй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нар нь нэр бүхий бусад шүүгдэгч нараас тусдаа үйлдэлтэй бөгөөд үндсэн хэргийн материалаас тэдэнд холбогдох баримтуудыг эх хувиар нь салгах байдлаар тусгаарласан хэргийн материалыг бүрдүүлэх боломжтой байхад прокурорын өгсөн зааварчилгааны дагуу холбогдох материалуудыг хуулбарлан дугааргүй хэргийн материал бүрдүүлжээ.
Давж заалдах шатны шүүхээс гаргасан тайлбарт “Анхан шатны шүүх эрүүгийн 1702 00165 0085 дугаартай үндсэн хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох нийт 64 хавтас бүхий материалыг хуулбарлан бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэсэн заалтуудыг баримтлаагүйгээс хаанаас, хэдэн хуудас, ямар баримтуудыг хуулбарласан нь тодорхойгүй материалууд ирүүлсний сацуу дээрх баримтуудыг хэн, яаж хуулбарласан талаарх үнэн зөвийг баталгаажуулаагүй, ийнхүү бүрдүүлсэн хэргийн материалаа дараалалд оруулж дугаарлаагүй, зарим хавтас хэргийн материалыг 2 удаа хуулбарлаж, эдгээр тусгаарласан хэргийн материалыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр тус шүүхэд хүргүүлжээ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх үнэн зөв нь эргэлзээтэй, нотлогдоогүй баримтаар С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг шүүсэн байж болзошгүй нь.
Тиймээс ч “Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй хуулбар хэргийн материалд үндэслэж шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, үзэл баримтлалд үл нийцнэ.
Иймээс дээрх нөхцөл байдал болон тус шүүх хуралдаанд гаргасан талуудын “…үндсэн хэргийн материалын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах…” хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэрэгт шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг нэгтгэж, тус хэргийн материалд авагдсан үндсэн эх баримтуудад тулгуурлан нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулав” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Тиймээс маргааш болох хуралдаанаар С.Баяр, Ч.Давааням нарын оноосон ял өөрчлөгдөж магадгүй нь.