Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Ийм төрлийн зөрчил гаргасан 121 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага тооцоод байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд цагдаагийн алба хаагчид цахим орчин дахь хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэхэд хяналт тавьж байгаа юм. Хэрэв цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох юм.
Уг хуулийн заалтад “Мөрийтэй тоглоом зохион байгуулах нь:
- 1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.