Зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгой өсөж 8500-д хүрсэн тухай мэдээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч хийсэн тооллогоор ийнхүү монгол бөхөнгийн тоо толгой өссөн нь тодорхой болжээ. 2017 оны эхээр 3000 гаруй тоо толгой үлдээд байсан юм.
Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон.
МОНГОЛ БӨХӨНГИЙН ОНЦЛОГ
- Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил “Говийн Гайхамшигт Зургаа”-н амьтдын нэг юм.
- Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй Монголын унаган амьтан.
- Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.
- Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна.
- Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг.
- Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь Монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай агаараар хангадаг.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар