Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ.
Шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос буцах иргэдийг
-Тэнгэр
-Лавай
-Драгон
гэсэн гурван зорчигч тээврийн төвөөс 14 аймгийн чиглэлд өглөөний 8 цагаас эхлэн тээвэрлэж эхэлсэн байна.
Хот хоорондын хөдөлгөөнд шинжилгээндээ хамрагдсан, аюулгүй байдлаа бүрэн хангасан иргэдийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Харин шинжилгээнд хамрагдаагүй, мэдээлэлгүй тээврийн хэрэгсэл ирээд буцааж байна. Буцаж байгаа тээврийн хэрэгслүүдийн гол шалтгаан нь шинжилгээний хариу албан ёсоор мэйл хаягт ирээгүй гэсэн шалтгаантай байгаа ажээ.
Иргэд шинжилгээнийхээ хариуг бүрэн гарсны дараа орон нутгийн автобусанд суух боломжтой. Зарим иргэд шинжилгээний хариу гараагүй байхад гарчих байх гэсэн байдлаар ирж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сааж учруулж байна гэж цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд Itoim сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хот хооронд зорчих иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базаан, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө авто буудалд ирсэн байх ёстой. Ирэхдээ шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхаарна уу.
Л.Баяр