Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2016 онд хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн.
Тус MRI аппарат нь 2016 оны аравдугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, гурван удаагийн засвар үйлчилгээ хийгдэж, нийт долоон сарын хугацаанд ашиглагдсан байна.
Гэсэн ч гэмтэл давтан гарсаар байсан тул ЭМЯ-наас төсөл хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрчээ.
MRI аппаратны гол цөм хэсэг болох толгойн хэсгийг бүтнээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд их хугацаа зарцуулагдаж, 2019 оны аравдугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр дуусан, аппаратыг ашиглалтад оруулсан байна.
Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм байна.
Эх сурвалж: ЭМЯ