Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт ирэх жил нөхөн сонгууль явагдах юм. Тус тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотыг захирагчаар томилогдсон билээ.
Иймд 2021 онд болох нөхөн сонгуулийн товыг тогтох асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх аж. Тодруулбал, Лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товложээ. Үргэлжлүүлэн уг тогтоолын төслийг Пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж.
УИХ дахь МАН-ыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд нөхөн сонгууль явагдана.
УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой” гэсэн юм.