Ковид-19 & вакцин

Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо хамгийн сүүлийн байдлаар 63 сая 066 мянга давж, эдгэрсэн хүний тоо 43 сая 542 мянгад хүрлээ. Энэхүү цар тахалтай тэмцэх хамгийн үр дүнтэй бас найдвартай арга бол вакцин гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. Хэдийгээр амны хаалт зүүх, зай барих, хөл хорио зэрэг нь коронавирусийн халдвар авахаас сэргийлэх хэдий ч энэ нь корона вирусгүй амьдарч байсан үе шиг эрх чөлөөтэй байх боломжгүй, хумигдвал хэв маягийг бий болгож байгаа билээ.

Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас АНУ-ын дөрөв, БНХАУ-ын мөн дөрөв, Их Британийн нэг, ОХУ-ын нэг, Энэтхэгийн нэг, нийт 11 вакцин туршилтын гуравдугаар шатандаа байна.

Клиник туршилтын сүүлийн буюу гуравдугаар үе шатны судалгааны төвшинд хүрсэн 13 вакцин байгаагаас дэлхий дахинд гуравдугаар шатны туршилтыг хийсэн 6 вакцин байна. Үүнээс гуравдугаар шатны үр дүнгээ танилцуулж буй дөрвөн вакцин байгаа юм.

Үүнд: АНУ-ын “Moderna”, Германы “BioNTech”, Их Британи болон Швед “AstraZeneca” болон Оксфордын их сургууль, ОХУ-ын Гамалейн нэрэмжит “Sputnik-V” гэсэн вакцин үйлдвэрлэгчийн вакцин байна. Эдгээр дөрвөн вакцин нь гуравдугаар шатны дунд шатны үр дүнг олон нийтэд дэлгэсэн юм.

Мөн зургаан вакцин нь яаралтай байдлаар хязгаарлагдмал хүрээнд батлагдсан байгаа ажээ. Эдгээрийн дөрөв нь БНХАУ-д Хоёр нь ОХУ-д батлагдсан байна. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн улсдаа хэрэглэгдэнэ. вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтийг холбогдох төрийн байгууллагууддаа хүргүүлжээ.

Одоогийн байдлаар дэлхийн дээр хамгийн үр дүнтэй гэж мэдээлэгдээд байгаа дөрвөн вакциныг танилцуулъя.

“COVID-19”-ийн эсрэг “Moderna Inc.” компани “mRNA-1273” вакцин

Вакцины нэр: mRNA-1273

Үр дүн: АНУ-ын биотехнологийн “Moderna Inc.” компани “mRNA-1273” вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатны дүнгээр 94.5 хувийн үр дүнтэй гэж дүгнэсэн байна.

Туршилт: Туршилтад “COVID-19”-ийн эсрдэлт бүлгийн буюу 65-аас дээш насны 7000 гаруй оролцогч болон чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчлөл зэрэг архаг, хууч өвчтэй 65-аас доош насны 5000 оролцогч хамрагдсан бөгөөд нийт вакцин тариулсан байна.

Гаж нөлөө: Нийт 15 мянган оролцогчдоос ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй байна.

Үйлдвэрлэлт: Тус компани энэ ондоо багтаан 20 сая тун вакцин үйлдвэрлэж, АНУ-д нийлүүлэх боломжтой гэж тооцож байгаа ажээ. Ирэх онд дэлхийн хэмжээнд 500 саяас нэг тэрбум тун нийлүүлэх хүчин чадалтай аж.

Коронавирусийн баяжуулалтын уургийг тогтворжуулах замаар “mRNA-1273” вакциныг гарган авсан юм. Энэ нь вирусийн мессенжер РНХ-ийн мэдээллийн дагуу вирус үржихэд шаардлагатай уургийн хэрэгцээг хаах замаар үйлчилдэг байна.

Хадгалалт тээвэрлэлт: “Moderna” компани “mRNA-1273” вакциныг ердийн болон эмнэлгийн зориулалттай хөргөгчид Цельсийн хасах 20 хэмд тээвэрлэж, зургаан сарын турш ижил горимд хадгалах боломжтой гэж мэдээлсэн юм. Харин вакциныг гэсгээж, хэрэглэхдээ Цельсийн нэмэх 2-8 хэмд 30 хоног хүртэл тогтвортой хадгалж болох бөгөөд вакциныг задалснаас хойш өрөөний температурт 12 цаг хүртэл хадгалах боломжтой аж.

Үнэ: Тус компани гүйцэтгэх захирал Стефан Бэнсел хэлэхдээ вакциныхаа үнийг 1 тун вакциныг 25-37 доллар байна гэж “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Харин Европын холбоо тус вакциныг 25 доллар авахаар тус компани удирдлагуудтай ярилцаж байгаа ажээ.

Борлуулалт: Тус компани АНУ-д 100 сая, Канад 56 сая, Их британи 50 сая, Шивцарь 4,5 сая тун өгөх үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн “коронавирус”-ийн халдвараас 94.5 хувь хамгаалж буй “Moderna”-ийн вакцинаас Европын Комисс 160 сая тун вакцин худалдаж авах хэлэлцээгээ баталгаажуулж гарын үсэг зурсан байна.

Pfizer” болон Германы “BioNTech компани хамтарсан “BNT162b2” вакцин

Вакцины нэр: BNT162b2

Үр дүн: АНУ-ын биотехнологийн “Pfizer” болон Германы “BioNTech” компани өөрсдийн хамтран боловсруулсан “COVID-19” -ийн эсрэг “BNT162b2” вакцин коронавирусийн эсрэг 94 хувийн үр дүнтэй байна.

Туршилт: Уг вакциныг 150 байршилд клиник туршилтад хамрагдсан 41 мянга гаруй сайн дурын оролцогчдын датад үндэслэн баталгаажуулсан аж. “COVID-19” шинж тэмдэгтэй 170 сайн дурын оролцогчдод хоёр тун вакцин тарьж туршихад вирусийн эсрэг 95 хувийн үр дүн үзүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 41 хувь нь 56-85 насны буюу коронавирусийн эрсдэлт бүлгийн иргэд байсан аж.

Гаж нөлөө: Судалгаанд хамрагдсан иргэдэд вакцины хоёр тун тарьсны дараа ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй гэж мэдээлсэн юм.

Хадгалалт тээвэрлэлт: “Pfizer” болон “BioNTech”-ын удирдлагууд энэхүү “mRNA” буюу мессенжер РНХ вакциныг тээвэрлэх, хадгалах тал дээр нэлээд том хүндрэлтэй нүүр тулаад байгаа юм. Тухайлбал, “BNT162b2” вакциныг Цельсийн хасах -70 -80 хэмд ердөө таван өдөр хадгалах боломжтой юм.

Үнэ: “Pfizer” компанийн вакцины нэг тун нь 19.50 ам.доллар байх ажээ.

Их Британийн биотехнологийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “AZD1222” вакцин

Вакцины нэр: AZD1222

Үр дүн: Их Британийн биотехнологийн “AstraZeneca” компани өнгөрөгч даваа гаригт Оксфордын их сургуультай хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “AZD1222” вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатны судалгаагаар вакцины вирусийн эсрэг үр дүн нь хэдэн тун тарихаас хамааран харилцан адилгүй байдаг гэх тодорхойлолт байсан юм.

Тодруулбал: вакцины хагас тун тариулснаас нэг сарын дараа бүтэн тун хийлгэсэн оролцогчдын датад дүн шинжилгээ хийхэд “AZD1222” вакцин коронавирусийн эсрэг 90 хувийн үр дүнтэй гэх дүн гарсан байна. Харин “AZD1222” вакцины бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршсан бүлэгт вирусийн эсрэг 62 хувийн үр дүн ажиглагджээ. Тиймээс вакцин хөгжүүлэгчид хоёр тусдаа бүлгийн үр дүнг нэгтгэн “AZD1222” вакцины коронавирусийн эсрэг үр дүнг дунджаар 70 хувь гэж тооцсон байна.

Хадгалалт тээвэрлэлт: Тээвэрлэх, хадгалах горимын хувьд “AZD1222” вакциныг ердийн тасалгааны температурт буюу Цельсийн нэмэх 2-8 хэмд зургаан сар хүртэл хадгалах горимтой.

Үнэ: Үнийн хувьд “AZD1222” вакцины нэг тун 2.5 ам.доллар байх төлөвтэй байна.

Борлуулалт: Улмаар Европын холбоонд 400 сая тунг нийлүүлэхээр болжээ. АНУ 1.2 тэрбум ам.доллараар “AZD1222” вакцины 300 сая тунг худалдан авах урьдчилсан гэрээ байгуулаад байгаа бол Европын холбоо 400 сая тун худалдан авах тохиролцоонд хүрээд байгаа юм.

Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн боловсруулсан ОХУ-ын “Sputnik-V” вакцин

Вакцины нэр: Sputnik-V

Үр дүн: ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн коронавирусийн эсрэг “Sputnik-V” вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатны судалгааны дүнгээр 95 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Туршилт: “Sputnik-V” бүлгийн 14095 оролцогчдод вакцины эхний тунг тарьснаас хойш 28 хоногийн дараа, хоёр дахь тунг тарьснаас хойш 7 хоногийн дараа коронавирусийн эсрэг 91.4 хувийн үр дүн үзүүлжээ. Харин эхний тунг тарьснаас хойш 42 хоногийн дараа, хоёр дахь тунг тарьснаас хойш 21 хоногийн дараа “Sputnik-V” вакцин “COVID-19”-ийн эсрэг 95 хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээлсэн юм.

Гаж нөлөө: Туршилтын явцад “Sputnik-V” бүлгийн бүлгийн оролцогчдоос вакцины ямар нэгэн гаж, сөрөг нөлөө илрээгүй байна.

Борлуулалт: ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Гүйцэтгэх захирал Кирилл Дмитриевийн мэдээлснээр дэлхийн 50 гаруй орноос “Sputnik-V” вакцины 1.2 тэрбум тун худалдан авах хүсэлт ирээд байгаа аж. Мөн ОХУ-ын Шадар сайд Татьяана Голиковагийн мэдэгдсэнээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тус улс өөрийн иргэдээ нийтээр нь үнэгүй вакцинжуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Харин одоогоор “Sputnik-V” вакциныг худалдан авах хүсэлтээ илгээсэн орнуудад 2021 оны гуравдугаар сараас эхний ээлжийн вакцины тунг нийлүүлж эхэлнэ гэжээ. Мөн вакциныг шингэн болон хатаасан буюу хуурай гэх хоёр хэлбэрээр үйлдвэрлэхээр түнш орнуудтай тохирсон байна.

Хадгалалт тээвэрлэлт: Вакциныг ердийн температур буюу цельсийн -2-8 хэмд тээвэрлэж, хадгалах ажээ.

Үнэ: Нэг тун нь 10 ам.доллар буюу нэг хүнд шаардлагатай хоёр тун нийлээд 20 ам.доллараар худалдаалагдах аж.

Эрдэмтдийн хувьд эдгээр вакциныг хийлгэсний дараа хэр удаан дархлаа тогтох вэ гэдэг асуудал хамгийн чухал байгаа ажээ. Гэхдээ хамгийн сүүлийн 120 хүнд хийсэн судалгаагаар дээрх вакцинууд нь удаан хугацаанд хамгаалах чадвартай гэсэн таатай мэдээлэл байгаа ажээ.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн