Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь энэ сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудад зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ангилал бууруулахгүй байх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эдгээр үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлж зээлдэгчдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүй, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг мэдэгдсэн.
Мөн ББСБ-аас олгосон зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэнтэй холбогдуулж зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ тухайн байгууллагад цахимаар гаргаж, шийдвэрлүүлэх, Хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй ББСБ-ын талаарх өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаяг болон 51-262608 тоот утсаар хүлээн авч, хяналт тавьж ажиллахаар болсныг энэ сарын 23-нд Хорооны www.frc.mn цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ББСБ-ын зээлдэгчдэд хандан мэдээлсэн.
Энэ сарын 27-ны байдлаар утсаар 75.9 хувь буюу 344, цахимаар 24.1 хувь буюу 109 нийт 453 иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллалаа.
Түүнчлэн холбогдох этгээдүүд буюу тухайн зээлдэгч байгууллагад мэдэгдэж, хүсэлтийг шийдвэрлүүлэх, энэ талаар тухай бүрт нь иргэдэд эргэн хариу хүргүүлж ажилласан.
Иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 54.5 хувийг ББСБ, 37.9 хувийг барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээд зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй байгууллагуудаас олгосон зээл тус, тус эзэлж байна.
Санхүүгийн зохицуулах хороо