Америкийн Юта мужийн цөлийн дээгүүр эргэлдэж явсан хөнгөн моторт онгоцтой нисгэгчид хэдхэн хоногийн өмнө цөлөөс нууцлаг гялалзсан цутгамал хөшөө олж илрүүлсэн билээ.
Гурав орчим метр өндөр, тэгш өнцөгт хэлбэртэй металл цутгамал яг л харь гарагийнхны бүтээл шиг харагдаж, дэлхий дахинаа шуугиан тарьсан юм.
Мужийн захиргаа ч нууцлаг энэ цутгамал үнэхээр байгааг баталсан ч яг хаана байрладгийг нь хэлэхээс татгалзжээ. Энэ цутгамал хүн хүрэхэд хэцүү цөлд байдаг болохоор хүмүүс тийшээ явж, эрсдэлд орж болгоомжилсон аж.
Юта мужийн газрын товчооноос объектын гарал үүслийг судалж байгаа, хамгийн гол нь хууль бус байгууламж байна гэж мэдэгджээ. Мужийн хуулиар бол хөшөө, дурсгал гээд ямар ч байгууламжийг нийтийн эзэмшлийн газар нутаг дээр байршуулж болдоггүй юм байна. Үүнд харь гарагийн бүтээл ч орно.
Харин цутгамал алга болсны дараа энэ газрын удирдлагууд буулгаж авсан хэрэгт холбогдолгүй гэж мэдэгджээ. Өдгөө энэ хачирхалтай олдвор байсан газарт зөвхөн нүх, металл гурвалжин л үлджээ. Урлаг судлаачид энэ бүтээлийг уран барималч, минималист агсан Жон Маккракены бүтээл гэж дүгнэсэн байна.