Архангай аймагт аав, хүү хоёрын шинжилгээнээс коронавирус илэрсэн нь батлагдсан билээ. Үүнтэй холбоотой Архангай аймгийн засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Золжаргал иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгсөн байна.
-Онош батлагдсан иргэнийг яаж илрүүлсэн бэ. Хотоос хавьтал болсон иргэн байгаа талаар мэдээлэл хэзээ анх ирсэн бэ?
Улаанбаатар хотод батлагдаад буй хувийн эмнэлгийн бариачийн нэгдүгээр хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээлэл арваннэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон аймгийн Тагнуулын газраас ирсэн даруй АОК-оос шуурхай бүлэг явуулж, тухайн иргэнийг гэрт нь тусгаарлалтад авсан. Эхний ээлжинд тухайн өрх болон хот айлын нийт 9 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гэрийн эзэн Б-ийн хариу эерэг гарсан учир 9 хүний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотруу явуулж PCR-аар шинжилгээ хийлгэсэн. Ингээд PCR шинжилгээний хариугаар иргэн Б болон түүний хүүгийн хариу эерэг гарч, вирусийн 2 тохиолдол бүртгэгдсэн.
-Явсан маршрутыг тогтоосон уу?
Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд арваннэгдүгээр сарын 15-нд ирсэн. Архангай аймгийн Батцэнгэл сум болон бусад явсан газруудын бүх маршрутыг АОК-оос тогтоогоод нэгдүгээр болон хоёрдугаар хавьтлуудыг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Улаанбаатараас гараад Лүн, Баяннуур, Дашинчилэн, Өлзийт сумдын постоор өнгөрөөд Батцэнгэл сумын төвд ирж дэлгүүрийн бараа буулгаад сумын төвөөс 35 км-ийн зайд орших гэртээ харьсан байна. Өвөлжөөн дэх гэртээ байхад нь малаа хайж очсон иргэн болон сумын төвөөр орсон, дэлгүүрт уулзсан, банканд уулзсан бүх иргэдийн хавьтлыг тогтоогоод эхний ээлжинд сумын төвд тусгаарлаад байна.
-Ачааны машинд нуугдаж очсон гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна?
– Ачааны машинд нуугдаж очсон зүйл байхгүй. Иргэн Б хөл хорио тогтоохоос өмнө буюу арваннэгдүгээр сарын эхээр хувийн ажлаар хотод эхнэр 2 хүүхдийн хамт очоод хөл хорионд орсон. Энэ хугацаанд бариачаар 2 удаа бариа хийлгэсэн байна. Ингээд арваннэгдүгээр сарын 15-нд Батцэнгэл сумын хүнсний дэлгүүрийн гурил болон хүнсний бүтээгдэхүүнийг ачаад сумандаа ирсэн байгаа юм. Ирэхдээ өөрийн хувийн Бонго маркын автомашиныг өөрөө жолоодож, эхнэр хүүхдийн хамт ирсэн.
-Тухайн иргэн өөрийгөө ойрын хавьтал болсноо мэдсэн байсан уу?
– Мэдээгүй. Арваннэгдүгээр сарын 27-нд АОК-ын шуурхай штабын багийг очиход л өөрийгөө 1-р хавьтал гэдгээ мэдэж, шинжилгээнд орсон.
-Тусгаарлаж байгаа хэчнээн иргэн байгаа вэ. Аймгийн хэмжээнд ямар зохион байгуулалтад орж ажиллаж байна?
– Иргэн Б болон түүний гэр бүлийнхний нэгдүгээр хавьтлын 53 иргэнийг Батцэнгэл суманд тусгаарлаад ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Хоёрдугаар хавьтлын 100 гаруй иргэнийг гэр гэрт нь тусгаарлаад байна. Нэг болон хоёрдугаар хавьтлуудыг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байгаа. Гэхдээ өнөөдөр Зоонозын өвчин судлалын төвийн явуулсан PCR шинжилгээний авто лаборатори манай аймагт ирэх тул эдгээр хүмүүсээс PCR-ийн шинжилгээ авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Аймгийн хэмжээнд Батцэнгэл, Ихтамир сумдад арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоосон.
– Баруун аймаг руу Архангайгаар дайрч явдаг. Энэ тал дээр зохицуулалт хийсэн үү?
– Баруун аймгуудын хүнс тээвэр, өвс тэжээл ачсан тээврийн хэрэгслүүд зааврын дагуу явж байгаа. Ганцхан шаардлага нь Ихтамир сумаар дамжин өнгөрөхдөө зогсохгүй өнгөрөх ёстой.
-Идэш авахаар очоод хавьтал болсон 3 иргэн байна. Тэгэхээр идэштэй холбоотой бусад сумруу зорчих асуудал байгаа юу?
– Ихтамир суманд иргэн Б-ийн аав ээж байдаг. Ихтамир сумаас Батцэнгэлд хүүхдүүд дээрээ очоод идэшээ аваад нэг хоноод буцсан. Тухайн гурван иргэнийг тусгаарлаад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. PCR-ийн шинжилгээний сорьцийг УБ-руу явуулсан хариу гараагүй байна. Идэшний асуудал дээр АОК-ийн шийдвэр гаргаад постон дээр солилцох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
– PCR-аар хэдэн иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулаад байна вэ?
-Өнөөдөр Батцэнгэл суманд PCR-ийн явуулын лаборатори ирж ажиллах учир 1,2-р хавьтлын 150 гаруй иргэний шинжилгээг эндээ авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Цаашдаа Батцэнгэл сумын өрх бүрээс 1 гэдэг байдлаар түүвэрлэн шинжилгээнд хамруулах хүсэлтийг ЭМЯ-д хүргүүлсэн байгаа.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ