ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээний зардал 6.7-8.9 сая хүртэл байна” гэлээ.
Тэрбээр “Халдвартай өвчтөний эмчилгээнд барьж буй хамгийн гол зарчим бол ДЭМБ-аас гаргаж өгсөн зөвлөмжийг дагах. Вирусийн эсрэг гол эм болох “Авиган”, “Арбидол”, “Ремдизивир” зэрэг эмийг татаж авсан. Сүүлд авсан “Ремдизивир” гэх эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь төлбөр өндөр байдаг. Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж буй эмийг Монгол Улс цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээнд бүр нарийн тайлбар өгөх нь зохимжгүй. Учир нь хүн болгоны хувийн онцлогт тохируулж, архаг суурь өвчинд нь тааруулж эмчилгээ хийж байна. Мөн эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг. Эмчилгээний үр нөлөөг дандаа хянаж, харьцуулж явдаг. Эмчилгээ оновчтой явж байна. Одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тал дээр онцгой анхаарч байна” гэсэн юм.
“Эмчилгээний зардал 6.7-8.9 сая хүртэл байна гэж тооцоо гарсан. Үүнд эм, оношлуур, компьютер томографи зэрэг олон төрлийн шинжилгээ, тухайн хүнд эмчилгээ хийж байгаа 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багийн хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт зардлууд орсон” гэдгийг онцоллоо.
“Илрүүлэх шинжилгээ хийгээд эмчилгээнд оруулсан боловч эмчилгээний үр дүн, вирусийн тоо цөөрч байна уу зэргийг хянах шинжилгээ байнга хийгддэг. Мөн хамар, залгиур, арчдас, өтгөнд гээд маш олон талаас шинжилгээ авдаг. Эдгээр шинжилгээнүүд багтаад ийм үнийн дүн гарч байгаа юм” гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам