УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва өчигдөр цахим хуудсандаа эмнэлэгтэй холбоотой асуудал хөндөв.
Тэрбээр “Цар тахал дэлхий дахинд тархаж 10 сарын нүүр үзэв. Чухамдаа бидэнд дотоод нөөц, бололцоогоо дайчлан бэлэн байдлаа хангах 10 сарын хугацаа байсан гэхэд болно. Гэвч өнөөдөр нөхцөл байдалтай нүүр тулахад бид бэлэн байж чадав уу?
Сонгинохайрхан дүүргээс бодит жишээ авъя. Азийн Хөгжлийн банкны тусламжаар жишиг эмнэлэг барина гээд Засгийн газар солигдох бүрд шинэ сайдууд ярьдаг хэдий ч өнөөг хүртэл 10-аад жилийн нүүр үзэж, анх төлөвлөсөн өртөг нь хэд дахин нэмэгдсэн.
Энэ жилийн эхний хагаст ашиглалтанд орохоор болсон ч улсын комисс хүлээн авна, авахгүй гэсээр өнөөг хүрэв. Хэрвээ тогтсон хугацаандаа ашиглалтанд орсон бол дотоодод халдвар тархсан үед их л нэмэртэй байх байлаа.
Мөн СХД-ийн эрүүл мэндийн төвийг өргөтгөнө гэж 8,0 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт суулгасан ч ажилд нь санаа тавьж байгаа хүн байгаа эсэх нь бүү мэд таг чиг.
Улсын төсөвт тусгуулж Сангийн яам, Эрүүл мэндийн яам, хот, дүүрэг, гүйцэтгэгч компани гээд холбогдох байгууллагуудтай хамтран Баянхошууны ахмадын эмнэлэг буюу 3-р амбулаторийг өргөтгөх ажлыг 2019 онд эхлүүлсэн. “Жишиг эмнэлэг”-үүдтэй зэрэгцэхүйц гадна, дотор өнгө үзэмж, дотоод засал, инженерийн шугам сүлжээ, үндсэн функцтэй эмнэлгийн барилгын ажил 2020 оны 8-р сард дууссан ч улсын комисс одоо болтол хүлээж авахгүй байгаа нь ямар учиртай вэ?
Сонгинохайрхан дүүргийн 7 болон 19 дүгээр хорооны иргэд батлагдсан тохиолдолтой хавьталд орсон хүмүүс байгаа тухай албаны мэдээлэл гарсан. Тиймээс эдгээр хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн гэсэн үг. Яг ийм үед ашиглаж болох боломжууд зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л энэ мэт жишээ олон бий.
Хэрвээ энэ эмнэлэг ашиглалтанд орсон бол Халдвар хамгааллын стандарт баримтлаагүй хариуцлагагүй хувийн сувилалын оронд тусгаарлах байр болон ашиглаж болох байлаа.
Хэрвээ энэ эмнэлэг ашиглалтанд орсон бол Сонгинохайрхан дүүргийн 300 000 гаруй иргэдээс тодорхой хэсэг нь эмнэлэгийн чанартай тусламж үйлчилгээг аваад эхэлчих байлаа.
Хэрвээ захын хороололд халдвар тархвал яаралтайгаар тусгаарлах байр бэлэн байх байлаа.
Эцэст нь хэлэхэд хэрвээ ашиглалтанд орсон бол миний хийсэн ажил гээд улаан тууз хайчлаад зогсох хүн нь олон байх байсан биз.
Төсөлд оролцсон бүх хүний сэтгэл зүтгэл хөдөлмөр шингэсэн энэ эмнэлгээ даруйхан ашиглалтанд оруулж хэний төлөө зориулж хийсэн тэр бүгдэдээ хүргэх л чухал байна.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, Дүүргийн иргэдийн төлөөлөгчид, дүүргийн удирдлага энэ бэлэн болсон эмнэлгүүдээ яагаад анхааралдаа авахгүй байна вэ. Тэр тусмаа хотын удирдлагын багт дүүргээс сонгогдсон олон хүн бий шүү!” гэжээ.