ЭМЯ-наас сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Халдвар авсан хүмүүсийг уламжлалт анагаах ухаантай хослуулж эмчлэх нь үр дүнтэй гэж зарим хүмүүс ярьж байгаа. Энэ төрлийн эмчилгээ хийж байгаа юу?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Бид ДЭМБ-ын удирдамжийн дагуу эмчилгээ хийж байгаа. Ганц нэг уламжлалтын эмийг туршилтын журмаар хэрэглэж байгаа. Үүнийг үр дүнг нь гарсны дараа зөвлөлдөж байж, ард иргэддээ танилцуулна.
-Хөл хориог 14 хоногоор сунгах саналыг ЭМЯ-наас гаргасан. Ямар үндэслэлээр энэ саналыг гаргасан бэ?
-14 хоногийн хөл хориог сунгах үгүйг УОК шийднэ. Халдварын нөхцөх байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног. Энэ хугацаанд хавьтлыг олж илрүүлж байгаа. Энэ хугацаанд халдвар гинжин хэлхээгээр үргэлжилж байдаг. Анх халдвар илэрснээс хойш дөнгөж нэг нууц үеийн хугацаа дуусаж байна. Гэтэл түүний араас халдвар нэмж илэрсээр байгаа. Нууц үеэс гадна ажиглалтын 14 хоногийн хугацаанд хариу арга хэмжээгээ аль болох сулруулахгүй байх хэрэгтэй.
Ийм учраас эмнэлгийн байгууллагын зүгээс нууц үеийн хугацаа, түүнээс хойших хяналтын 14 хоногоо тооцож саналаа өгнө. Өмнө нь санал өгсөн байгаа. Өнөөдөр дахин эрсдлийн үнэлгээ хийнэ. Орон нутагт бүртгэгдэж байгаа халдваруудад мөн дахин үнэлгээ хийнэ.
Эхэлж авсан арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал байна.
-ХӨСҮТ-ийн төвийн 11 эмч, сувилагч халдвар авсан. Хамгааллын хувцасыг камерын хяналтад өмсөж, тайлж байсан гэж байсан. Анх халдвар тараасан тохиолдлыг илрүүлж чадсан уу.
-ХӨСҮТ-ийн 11 ажилтан өвдсөн. Эмнэлгийн ажилчид коронавирусийн халдварт олноороо өртөж байгаа. Нийт халдварын 14 хувь нь эмнэлгийн ажилтнууд гэсэн статистик байна.
Эмнэлгийн ажилтан өвчтөнтэй 14 хоног хамт байх хугацаанд халдвар авах эрсдэл байна. Халдвар авсан 11 хүн эхнээсээ эдгэрээд хяналтын шатандаа явж байна. Үүнийг гүнзгийрүүлэн судалж байгаа.
-Коронавирус хүйтэнд тэсвэргүй гэж байсан. Цаг агаар хүйтрэх тусам халдвар багасах уу?
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Коронавирус хүйтэнд тэсвэргүй гэж бид огт яриагүй. Гадна агаарт эргэлтэд ороод байдаггүй гэж л хэлсэн. Энэ вирус хүйтэнд харин ч тэсвэртэй. БНХАУ-д хөлдөөсөн бүтээгдэхүүн болон сав баглаа боодлоос нь илэрч байсан. Агааргүй, битүү орчин коронавирус маш их үржинэ. Өрөө тасалгаанд, хүмүүс хоорондоо ярилцахад шүлсээр, агаар дуслаар дамжиж халдана. Үүнийг хүмүүс буруу ойлгоод хүйтэнд коронавирус багасна гээд байгаа. Харин ч хүйтэнд агаар дуслаар дамждаг халдварт өвчин нэмэгддэг.
Тиймээс бид гэр орондоо агаар сэлгэлт хийх зөвлөмжийг өгч байгаа. Түүнчлэн коронавирус гадаргуу дээр байдаг учраас цэвэрлэгээ ариутгал маш чухал. Блезна, содын уусмалаар хүний гар хүрдэг бүх гадаргууг цэвэрлэж, аль болох гараагаа хүрэхгүй байх, бээлий өмсөх, ханиаж найтайхдаа тохойгоороо хаах, бохир гараа нүүр, амандаа хүргэхгүй байх зөвлөмжийг хүргэж байгаа.
-Та бүхний мэдээлэлд хоёр хүний биеийн байдал хүнд, найман хүн хүндэвтэр байна гэлээ. Эдгээр хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Маш хүнд хоёр, найман хүн хүнд байгаа. Маш хүнд хоёр хүний нэг нь ХӨСҮТ-д байгаа, 57 настай эмэгтэй. Аппаратад ороогүй, биеийн байдал нь тогтвортой байна.
Цэргийн төв эмнэлэгт 80 настай хүн амьсгалын аппаратаар амьсгал дэмжиж байгаа. Биеийн байдал нь тогтвортой. Тухайн хүн нь сахартай, артерын даралт ихсэх архаг хууч өвчтэй хүн.
-Найман голомтоо хумиж чадаж байгаа юу?
-Найман голомтын анхны голомтын цар хүрээг тогтоогоод, ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарлаж, тэр дотроос халдвартай хүмүүсээ ялгаж аваад, хавьтал болсон 177 хүнийг тусгаарлаж, 3-4 удаа шинжилгээ хийхэд сөрөг гарсан учраас гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.
Эхний голомтыг үндсэндээ хяналтдаа авсан. Түүнээс салбарласан голомтууд гардаг. Тэр халдварын голомтууд дээр бусад орны жишгийн дагуу эмх цэгцтэй ажиллаж байгаа.
-Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр илэрч нийт халдварын тоо 167 боллоо гэж байна. Тус аймагт хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Сэлэнгэ аймагт Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа. ХӨСҮТ-өөс дараа дараагаар хоёр мэргэжлийн баг очиж ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн төв болон Мандал суманд манай багууд ажиллаж байна.
-Ямар ванцин монгол хүний биеийн онцлогт тохиромжтой вэ. Судалж үзсэн үү?
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Хөгжил буурай орнууд болон дэлхий нийтэд вакциныг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжиж буй хөтөлбөрт нэгдэх хүсэлтээ бид өнгөрөгч долоодугаар сард хүргүүлсэн.
Энэ хөтөлбөрт Монгол Улсыг эхний улсуудн тоонд бүртгэж авсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа 20 хувь буюу эмнэлэг, цэрэг, цагдаа, онцгой гэсэн байгууллагын алба хаагчид болон өндөр настнууд, архаг хууч өвчтөнүүд, хүүхдийн байгууллагад ажилладаг багш нараа үе шаттай хамруулахаар төлөвлөж байна.
Вакцин авах, түгээх, тараах төлөвлөгөөг гаргаад УОК-т хүргүүлсэн.