Засгийн газраас энэ яаралтай дэгээр хэлэлцүүүлэхээр энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7.1.15-д “цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх” гэж заасан.
Гэвч коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд байгаа нь хүнсний хангамжийн тогтвортой байдлаа хангахын чухлыг улс орнуудад анхааруулж байна. Түүнчлэн цар тахлын болон байгаль цаг уурын таагүй нөлөөнөөс шалтгаалж зарим улс орнуудад ажиллах хүч дутагдах, ургац алдах, ачаа тээврийн хөдөлгөөн саатах, экспортлогч орны зах зээлийг хувааж байна. Мөн дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тосны нийлүүлэлт багасаж, үнийн индекс өсөж байна. Энэ нь дэлхийн зах зээлд оролцогч томоохон улс орнуудын экспортын бодлого, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, шинэ эрэлт, нийлүүлэлттэй холбоотой.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ цар тахлын 2 дахь давалгаа эхэлж, үргэлжлэх хугацаа, үр дагаврын хувьд нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй байгааг мэдэгдсээр байна. Иймээс халдварын тархалт нэмэгдсэн улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авсаар байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байна.
2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн нийт нутгаар тооцоолж гаргасан. Түүнчлэн зүүн бүсээс бусад аймагт хадлангийн гарц муудсан тул өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвсийг зүүн аймгуудад бэлтгэж байсан. Гэвч 8 дугаар сарын сүүлээр зүүн аймгуудын нийт нутгаар их хэмжээний бороо орсны улмаас хадлан бэлтгэл оройтож, өвс, тэжээлийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөх нөхцөлийг бий болгож байгаа аж.
Иймээс КОВИД-19 халдварт цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.
Эдгээр бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж буйг салбарын сайд илтгэлдээ дурдав.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нар цахим хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Туваан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нар, цахимаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Н.Ганибал, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Мөн Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн бол Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож хуулийн төсөлд тусгагдсан хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тос, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах малын өвс, тэжээл, тэжээлийн үрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөөр төсвийн орлого 39 тэрбум төгрөгөөр буурахаар байгааг хэллээ.
Ургацын урьдчилсан балансаар энэ жил 487 мянган тонн улаанбуудай хурааж авах дүн мэдээтэй байсан ч аравдугаар сард нэлээд талбайн ургац цасанд даруулсан, үүнээс болж ургац алдсан. Дотоодын бүх тариаланчид хурааж авсан улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Тиймээс гурван сарын нөөц бүрдүүлэх шаардлагын үүднээс 150 мянган тонн улаанбуудай авах тооцоо судалгаа гаргасан гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэв. Түүнчлэн энэ жил зарим аймгийн нутгаар хур бороо бага орж зуншлага тааруу болсон тул малын хадлан, тэжэээл хүрэлцэхгүй байгаа учраас 80 орчим мянган тонн өвс, тэжээлийг импортоор авахаар тооцсон гэдгийг салбарын сайд дурдав.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгагдсан тодорхой нэрийн хүнсний бүтээгдэхүүн, малын өвс, тэжээлийг импортлоход үзүүлж буй 16.5 хувийн хөнгөлөлт нь эцсийн дүндээ иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа учраас энэ талаарх хяналтыг сайжруулж зөв зохион байгуулах, хомсдол үүсгэхгүй, үнэ өсгөхгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг онцолж байв.
Ингээд Байнгын хорооны саналаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.6 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 58.5 хувь нь тус тус дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.