Чуулганы хуралдааны үеэр цаг үеийн нөхцөл байдлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “УИХ-д иргэд, олон нийт олон санал ирүүлж байна. Отрын бүс нутагт байгаа малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг дордуулахгүй байх шаардлагатай байна. Барьж, хааж байгаа боловч цар тахлын халдвар нэмэгдсээр байна. Иргэн бүрийг шинжилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна. Төрийн болон хувийн байгууллагууд шат шатандаа арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Төрийн зүгээс тавьж буй шаардлагыг ард иргэд маань сайн биелүүлж байна.
Гашуунсухайтын боомт дээр нүүрс зөөж байгаа жолооч нарын төлөөлтэй утсаар ярьлаа. Тэнд сайд, дарга нарыг ирэхээр өнгөлөн, далдлалт хийдэг. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал амаргүй байна гэж байна.
МҮХАҮТ-аас хөл хорио он дуустал үргэлжилбэл хагас сая хүн ажилгүй болно гэж байна. Хорио цээрийн дэглэмийг баримталж, үйлдвэрлэлээ явуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Япон, Солонгосын эдийн засгийн өсөлтөө ч хангаад, халдвараа хяналтандаа авч байгаа сайн туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Салбар бүрт өөр өөрийн гэсэн дэглэмийг хэрэгжүүлж болно. Цахим орчинд ажиллаж байгаа олон салбар байна. Ажлаа цахим орчинд шилжүүлэх хэрэгтэй байна. Энэ цаг үед дасан зохицож амьдрахаас өөр аргагүй болж байна. Эдийн засаг энэ хэвээрээ үргэлжилбэл иргэд маань гудамжинд гарах эрсдэл хүлээж байна.
Коронавирусээс иргэн бүр маскаа зүүж, зайгаа барьж сэргийлэе. Сэргийлэх арга хэмжээгээ хатуу дэглэмээр хэрэгжүүлэе. Үүний хамт эдийн засгаа унагачихгүй, иргэдээ хямраахгүй бүх боломжийг ашиглая гэж уриалж байна.
2021 оны эхний хагаст вакцин гарах нь нэгэнт тодорхой болчихлоо. Монголчуудын биед аль нь тохирохыг эрдэмтэн, судлаач нартай хамтран судлах ажлын хэсэг байгуулъя” гэв.