Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг бурхны орондоо заларлаа. Домогт аргентин Диено Марадона зүрхний шигдээсийн улмаас 60 насандаа таалал төгсөж, дэлхий нийт гашуудаж байна.
Диего Марадонагийн хувийн амьдрал спортын карьераас нь дутуугүй олны анхаарлыг татдаг байсан юм. Энэ асуудал дээр тэрээр төгс хүн гэж хэлэхэд хэцүү. Марадона бол цагийн сайхан өнгөрөөх дуртай хүүхэмсэг плейбой эр байснаас гадна өөрийнхөө үр хүүхдүүдийг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн байсан юм.
Марадона хэдэн хүүхэдтэй вэ?
Диего Армандо нь албан ёсоор ганц л удаа гэрлэсэн түүхтэй. Залуу насны хайр Клаудия Вильяфаньятайгаа тэрээр 25 жил амьдарсан юм. Гэвч энэ 25 жил ээдрээт үйл явдлаар дүүрэн байлаа. Марадона Клаудиягаасаа Дальма, Жаннина хэмээх насанд хүрсэн хоёр охинтой /нэг нь дагавар охин/. Хоёр охиныг нь төрөхөөс өмнө Италийн Неапольд Кристиана Синагра хэмээх нэгэн эмэгтэй хүү төрүүлж, Диегогийн хүүхэд гэж зарласан боловч тэр үүнийг үгүйсгэжээ. Марадона эцэст нь 29 жилийн дараа буюу 2015 онд л өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж. Ингээд тэр 3 хүүхэдтэй болжээ.
Марадонагийн гурав дахь охин бас өөр нэгэн эмэгтэйгээс гарч ирсэн. Энэ охин 1996 онд төрсөн ч домогт хөлбөмбөгчин уламжлалын дагуу өөрийнх нь хүүхэд биш гэж гүрийжээ. Гэвч ДНХ-ийн шинжилгээгээр яах ч аргагүй өөрйнх нь охин болох нь батлагдаж, тэтгэмж төлөхөөс өөр аргагүй байдалд орсон байна.
Эцэст нь Диего Армандогийн тав дахь хүүхэд буюу хоёр дахь хүү 2013 онд төржээ. Залуу Диего Фернандогийн ээж нь Вероника Охеда хэмээх багш эмэгтэй бөгөөд Марадона 2005 онд Вильяфаньягаасаа салснаас хойш түүнтэй уулздаг болжээ. Гэвч хөлбөмбөгчин эр хоёр дахиа гэрлээгүй юм. Ийнхүү тэрээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 5 хүүхэдтэй болсон юм. Гэхдээ тэрээр Кубад хар тамхины эмчилгээ хийлгэж байхдаа 3 хүүхэдтэй болсон түүхтэй. Үүнийгээ тэрээр 2016 онд эртний анд Фидель Кастрогийнхоо оршуулгын ажиллагаанд оролцох үеэрээ л мэджээ. Хүүхдүүдийг нь Хоана, Лу, Хавиелито гэдэг аж.
Ийнхүү албан ёсны эхнэрээсээ хууль ёсны хоёр охин /нэг нь дагавар охин/, паспортод тамга даруулаагүй дагуул бүсгүйнх нь төрүүлсэн нэг хүү, ДНХ-ийн шинжилгээний дараа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон хоёр охин, дээр нь Кубын 3 гээд найман хүүхэдтэй болжээ. Үүгээр ч зогсохгүй Аргентины иргэн Сантьяго Лара, Магали Хиль нар хэдэн жилийн турш эцгээ гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэж байгаа. Тэд саяхнаас л жинхэнэ эцгээ хэн болохыг мэдээд, үүнийг баримтжуулахыг авахыг хүссэн гэжээ.
Ингээд 10 хүүхэдтэй болж байгаа юм.
“Хэнд ч юу ч үлдээхгүй”
2016 онд Кубын хүүхдүүдийн талаар түүх дэлгэгдмэгц Марадонагийн экс эхнэр тэссэнгүй. Тэрбээр насан туршдаа хөлбөмбөгчний энд тэнд үлдээсэн хүүхдүүдийн тухай түүхтэй тэмцэж ирсэн боловч салснаасаа хойш хэдэн жилийн дараа томоохон цохилтод орсон нь энэ. Учир нь Диего, Клаудия хоёр албан ёсоор эхнэр нөхөр байхад эдгээр хүүхдүүд төрсөн байжээ. Вильяфанья экс нөхрөө шүүхэд өгч, сэтгэл санааны хохирол хэмээн хэдэн сая доллар нэхэмжилжээ.
Марадонагаас хаа сайгүй л мөнгө салгах гэсэн хүмүүс байсан гэдэг. Үүн гайхах ч зүйл үгүй. Тэрээр амьдралынхаа эцсийн өдрийн хүртэл домог, бурхан, шүтээн байсан юм чинь. Ихэнхдээ Диего Армандо амьдралынхаа хэв маягт сэтгэл хангалуун, болж байгаа зүйлд нэг их ач холбогдол өгдөхгүй байлаа. Тэрээр бусдаас их мөнгө авах дургүй, байгаагаа ч бусдад нэг их зарцуулах дургүй нэгэн байсан гэдэг. Харин амьдралынх нь эцсийн жилүүдэд өв залгамжлалтай нь холбоотой маргаан дэгдэх нь гэдгийг ойлгожээ. Марадона насанд хүрсэн хоёр охинтойгоо бараг холбоо тасарсан байна. Бүгд л өөрийн гэсэн амьдрал, гэр бүлтэй болж, Диего Армандо охидоосоо залуу хүүхнүүдээр өөрийгөө хүрээлүүлэх болсон юмсанж. Энэ хоёр тал идэвхтэй зөрчилдөж, хөлбөмбөгчний охид эцгийг нь тэдгээр залуу хүүхнүүд барьцаалчихсан гэж үздэг байв. Харин Марадона үүнд ёжтойгоор хариулж, хэрвээ ямар нэгэн юманд барьцаалагдчихсан гэвэл тэр нь хөлбөмбөг л гэж хариулдаг байжээ.
Жилийн өмнөх төрсөн өдрөөр нь болсон нэгэн үйл явдал янз бүрээр хэвлэлүүдэд цацагдаж эхэлжээ. Хөлбөмбөгчний охид аавдаа баяр хүргэхээр очиход уригдан ирсэн хүмүүс бүгд хөгжилдөж байхад эцэг нь салатанд нүүрээ хийчихсэн согтуу сууж байсан гэнэ. Тэд аавыгаа аварч, унтуулж асарчээ. Харин нөгөө талынхан нь Дальма, Жаннина нарыг үдэшлэгт ирээд, өөрсдөө бужигнуулж байгаад явсан гэсэн байна. Марадона өөрийг нь чадалгүй хөгшин гэж үзсэнд нь дургүйцэж, энэ бүгд өв залгамжлалаас болсон гэж үзээд хэнд ч юу ч үлдээхгүй гэж тухайн үед мэдэгдсэн байна.
Би үхээгүй байна. Ажил хийдэг болохоор сайн ч унтаж амардаг. Хүн хөгшрөхөд хүмүүс таны хийж буй үйл хэрэгт бус, цаана нь юу үлдэх вэ гэдэгт санаа зовж эхэлдэг юм байна. Би хэнд ч юу ч үлдээхүй гэдгээ бүгдэд нь хэлье. Би бүх мөнгөө сайн үйлсэд үрэх болно.
Диего Марадона
Марадона гэрийнхэндээ юу ч үлдээхгүйн тулд эхнээс нь цацаж эхэлсэн юм. Өмнөх эхнэр, охид нь түүнийг буруутгаж, шүүхэд өгсөн боловч ямар үр дүнд хүрээгүй байна.
Диего Армандо үхэхийнхээ өмнө ямар нэгэн гэрээслэл бичсэн эсэхийг бид мэдэхгүй ч сайн үйлсийн төлөвлөгөө нь биелэгдэхгүй байх магадлалтай. Аргентины хуулиар бол өв залгамжлагчид талийгаачийн нийт хөрөнгийн гуравны хоёрыг авах хүсэлт гаргах эрхтэй байдаг аж.
Марадонагийн албан ёсны ганц охиноос гадна Кубын гурав, Италийн залуу Диего гээд маргаан дэгдээх нөхөд олон бий. Харин өв хөрөнгө нь хэнд яаж очихыг бид удахгүй мэдэх болно.
Эх сурвалж: life.ru