Герман улс “COVID-19” цар тахлын хоёр дахь давлагаанаас урьдчилан сэргийлэх хязгаарлалт, хөл хориог 12 дугаар сарын 20н хүртэл сунгасан байна. Тус улсын канцлер Ангела Меркель 16 мужийн захирагч нартай өчигдөр цахим хурал хийж, коронавирусний халдварын нөхцөл байдал дээрдэхгүй бол хөл хориог ирэх оны 1 дүгээр сар хүртэл дахин сунгаж магадгүйг анхааруулжээ.
Германы засгийн газар иргэдээ хүн хоорондын зай барих журмыг дагаж мөрдөн, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Германд 12 дугаар сарын 20-н хүртэл үзвэр үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй, хөл бөмбөгийн тоглолтуудыг үзэгчгүй зохион байгуулж, ресторануудыг зөвхөн хүргэлтийн үйлчилгээ хийхийг зөвшөөрөх юм байна.
Их сургуулиуд цахимаар хичээллэнэ. Бага сургууль, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явна. Зул сарын баярын өдрүүдэд 10хүртлэх хүн нэг дор цугларч баяраа тэмдэглэхийг зөвшөөрөх юм байна. Герман нь Европ тивдээ коронавирусний халдварын батлагдсан тоогоор Франц, Испани, Британи, Италийн дараа 5д бичигдэж байна. тус улсад коронавирусний халдварт 984мянган тохиолдол нас барсан 14 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: MNB