Хятад улс дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг бөгөөд жил ирэх тусам эдийн засаг, улс төрийн нөлөө нь нэмэгдсээр байна. Тэр ч бүү хэл олон улс орны дэд бүтэц, зарим нутаг дэвсгэрийг нь эзэмшээд эхэлжээ. Хятад улс сүүлийн 10 жилд бусад улс орнуудаас юу худалдан авсныг энд хүргэе.

Африкийн колоничлол

Африк тив олон жилийн турш өөр улс орнуудаас хараат байж ирсэн билээ. XIX-XX зуунд энд Европын улс орнууд колоничилж байлаа. Дараа нь хар тивийг АНУ, ЗСБНХУ хуваан авсан бол өдгөө тэдний байр суурийг Хятад эзэлж, Африкийг өөрсдийнхөө нөөцийн колони болгон хувиргаад байна.

Энэ колоничлол нь тун энгийн. Дундад улс Африкийн аль нэг оронтой худалдааны нягт холбоо тогтоож, тэдэнтэй хэдэн тэрбум долларын гэрээ байгуулна. Удалгүй энэ улсын төр засгаас гэрээний зарим хэсгийг биелүүлж чадахгүй гэдгээ мэдээд, хятадууд “шаталтад орсон” үйлдвэрүүдийг нь худалдан авах юм уу өрөндөө бүхэл бүтэн салбарыг нь авах жишээтэй.

Хар тивийн зарим гүрнүүд Хятадын зээлээс бүрэн хамааралтай болсон тул өдгөө тэд колоничлох эрхтэй болжээ. Гэхдээ европчууд колонийн үедээ сургууль, эмнэлэг, зам барьж байсан бол Хятад улс Африкаас зүгээр л мөнгийг нь сааж, нөөцийг нь шавхдаг байна.

Өдгөө Хятадын “колони” болсон орнуудын тоонд Жибути, Нигер, Бүгд найрамдах Конго улс, Замби улс орж байна. Мөн 15-50 тэрбум долларын өртэй 20-иод улс энэ тивд байгаа аж. Жибутид л гэхэд өр нь ДНБ-ийх нь 90%-тай тэнцэж эхэлжээ. Одоо энэ улс Хятадад өрөө төлж дийлэхээргүй болсон.

Гэтэл Африкийн орнуудын төр засаг Хятадын зээлийн аз завшаан, ирээдүйн баялаг, хөгжин цэцэглэлтийнх нь эх үүсвэр хэмээн хүлээн авдаг гэнэ. Эдгээр улс орнууд Хятадад эрчим хүч, тээврийн дэд бүтцээ бүхэлд нь, түүнчлэн нефть, хий, алт, алмааз гээд олборлох салбараа өгөхөөөс өөр аргагүй болоод байна. Энэ салбаруудад нь хятадууд ирж ажилладаг болохоор африкчуудад ажил, мөнгө олддоггүй юм.

Шри-Ланк ба Вануату

2008 онд Шри-Ланкийн төр засаг Хамбантота боомтоо барихаар Хятадаас 8 тэрбум долларын зээл авчээ. Харамсалтай нь төсөл алдагдалд орж, худалдааны хөлөг онгоцууд шинэ боомтыг тойрч, шинэ боломжийг ашиглаагүй байна. Ингээд өрөө төлөх чадваргүй болсон Шри-Ланкийн төр засаг 2017 онд шинэ боомтоо Хятадад 99 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр болжээ. Үүгээрээ хятадууд ердөө л 1 тэрбум долларынх нь өрийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин үлдсэн өрөө Шри-Ланк төлж барагдуулахаас өөр аргагүй болжээ.

Ерөнхийдөө эрт орой хэзээ нэгэн цагт Хятад Шри-Ланктай шинэ нөхцөлөөр гэрээ байгуулж мэдэхээр болж байна. Өөрөөр хэлбэл боомтыг бүхэлд нь авч, хятадууд оронд нь өрийг нь тэглэнэ гэсэн үг. Эсвэл шинэ зээл ч өгч магадгүй.

Номхон далайн арлын Вануату орон ч ийм нөхцөлд оржээ. Арлын иргэд Хятадаас 270 сая долларыг Эспириту-Санто боомтоо барихаар зээлсэн аж. Тэд мөн зээлээ төлж чадаагүй учраас 2018 онд боомтоо Хятадад өгсөн байна. Ингээд хятадууд энэ боомтод өөрсдийнхөө цэргийн баазыг байгуулж байгаа юм.

Пакистан ба Тажикистан

2015 онд Исламабад Бээжингээс 16 тэрбум доллар зээлж, Гвадар боомтоо 46 жилийн хугацаатай түрээслэхээс өөр аргагүй болсон юм. Гэрээ ёсоор БНХАУ боомтын орлогоос орсон ашгийн 91%-ийг, дээр нь түүнийг тойрсон “чөлөөт бүс”-ийн ашгийн 85%-ийг авах юм байна.

Тажикистан ч мөн Африкийн замаар орж, 330 сая долларын зээлийнхээ оронд Дээд Кумарг алтны хүдрийн ордоо өгсөн юм.

Өрийн дарамтад орсон орнууд

Киргиз, Камбож, Лаос, Тонго, Мальдив улсууд Хятадын өмнө хүнд байдалд ороод байна. Венесуэл, Болив, Эквадор ч мөн өрөндөө баригджээ.

Энэ бол Хятадад өртэй улс орнууд. Өнгө нь тод бараан байх тусмаа Хятадын хөрөнгө оруулагчдын өрөнд ихээр орсон улс орнууд гэсэн үг. Энэ газрын зургийг www.statista.com сайтаас авчээ.

Хятадууд түүнчлэн Европ, Латин Америк, Ойрх Дорнодод асар их хөрөнгө оруулалт хийж байна. Хэрвээ тухайн улс орон зээлээ төлж чадахгүй бол Хятад улс тэдгээр улсын дэд бүтэц, аж үйлдвэрийг өөрийн болгож авдаг аж. Энэ л Хятадын капитализм юм.

Эх сурвалж: zen.yandex.ru 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн