Төрийн албаны зөвлөл энэ оны тавдугаар сараас төрийн албанд орохыг зорилт тавьсан иргэдэд зориулсан мэдлэг сорих тест, гарын авлага бэлтгэснээ цахим хуудсанд байршуулсаар байгаа билээ.
Мөн цахим гарын авлага цаг үеийн хүндрэлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байхаар хэрэгжүүлж буй ажил, олон улсын арга туршлагыг түгээж буй.
Энэ нь “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох төрийн байгууллага, төрийн албан хаагчдынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр юм.
Уг цахим гарын авлагыг энэ удаа дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлага, сорилт, бэрхшээлийг нэгтгэн дүгнэсэн нэгэн номоор баяжуулж байна. Уг ном нь Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер ван дер Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” нэртэй бүтээл.
Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд бэлтгэсэн уг номын талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Нийгмийн идэвхтэй амьдралд 90-ээд оны дунд үеэс хойш төрсөн “унаган дижитал” Z үеийнхэн орж ирж байгаа энэ үед тэдний сэтгэл зүйн онцлог байдлыг таньж мэдэх, зөв удирдах талаар сонирхолтой санаануудыг уг номоос Та бүхэн олж мэдэх болно.
Төрийн байгууллага, төрийн албаны удирдах ажилтны аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үе болох 21 дүгээр зууны төгс дүр төрх ямар байхыг тодорхойлсон нь зөв ажлыг зөв хүнээр хийлгэж зөв үр дүнд хүрэх Та бидний зорилтод бүрнээ нийцнэ. Бид ажил үйлсээ бодож төлөвлөхдөө шинэ зууны төрийн албаны өнгө төрхийг тодорхойлсон энэ номыг гарын авлага болгоё гэж зорьсон юм” хэмээн уг номын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Төрийн албаны зөвлөлөөс хамгийн сүүлийн үеийн олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах бичиг, зохиол бүтээлийг сонгон, зохиогчийн эрх авч хэвлэн нийтэлж буйн нэг нь төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер Вандер Валын энэхүү ном аж. Төрийн албан хаагчид, иргэд тус байгууллагын цахим хаягаар зочилж энэхүү гарын авлагыг уншиж, мэдлэг мэдээллээ тэлэх боломжтой.