НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр цахимаар хуралдаж Улаанбаатарыг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2021 оны төсөв, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит II дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив.
Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд 5 бүлгийн 21 дэд бүлэгт 717 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм. Төлөвлөгөөг боловсруулахдаа УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, гурван яам, иргэдээс ирсэн 1500 гаруй саналыг тусгажээ.
Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх, Е-газар апп нэвтрүүлснээр иргэд газартай холбоотой мэдээллийг цахимаар авах боломж бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа, Шархад төвийн газар чөлөөлөлтийг зохион байгуулах аж.
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 822 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 63, хот байгуулалт, газар зохион байгуулалтын 567, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээний талаар 106 ажил гүйцэтгэжээ.