Арваннэгдүгээр сарын 25-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 4176 хүн шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Үүнд: Улаанбаатарт 3, Сэлэнгэ 4, Орхонд 4, Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Эдгээр нь бүгд голомтлон гарсан газруудаас илэрсэн байна.
Улаанбаатар хотын голомтод гурван тохиолдлуудыг задалбал:
Шинээр илэрсэн гурван тохиолдлын нэг нь өмнөх батлагдсан тохиолдолтой харьцсан бариа засалч, хоёр нь найз нөхдийн хүрээнд бие биенийхээрээ зочилдог хүмүүс байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 712 болсноос 345 хүн эдгэрч, долоон хүн нутаг буцаж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 360 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэн хүнд 1, хүнд 3 хүндэвтэр 55, хөнгөн 301 хүн эмчлэгдэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр