Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байрны төсөл Сүхбаатар аймагт хэрэгжиж буй. Барилгын үйл явц удаашралтай байгаа учир гүйцэтгэгч компанид ирэх оноос өмнө ашиглалтад оруулах үүргийг өгсөн аж.
Хууль зүйн яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах төсөл дөрвөн аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Сүхбаатар юм.
Тус аймгийн Цагдаагийн газрын дэргэд баригдаж байгаа түр хамгаалах байрны барилгын ажлын явцтай орон нутгийн удирдлагууд танилцжээ. Уг барилгын ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсөн байна.
Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын компани шалгарч өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад өгөх байсан ч ажлын гүйцэтгэл одоогоор хангалтгүй байна гэв.
Төслөөр хэрэгжиж буй ажил учир санхүүжилт хугацаандаа олгогдож байгаа, зөвхөн гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа аж. Тиймээс барилгын ажлыг түргэвчилж, оноос өмнө дуусгахыг үүрэг болголоо. Энэхүү байр ашиглалтад орсноор хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалахаас гадна хүчирхийлэл үйлдэгчдэд зориулсан сэтгэлзүйн сургалт, зөвлөгөөг явуулах боломж бүрдэх юм.
Хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр хамтарсан баг сум бүрт ажилладаг. Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийн 26, насанд хүрэгчдийн зургаан дуудлага ирж байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар хүүхдийн 38 дуудлага, насанд хүрэгчдээс зургаан дуудлага иржээ.
Мөн одоогоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хүчирхийллийн 53 кейсд хариу тусламжийн үйлчилгээ үзүүлээд байна.