Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар коронавирусийн халдварын 54 тохиолдол батлагдаад байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хорооны халдвар бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилгоор өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ.
Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороонд харьяалагдах байнгын болон түр оршин суугчид хамрагдах юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах уг иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс иргэдэд мэдэгдэн, хуваарийн дагуу зохион байгуулна.
Харин сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой юм. Түүнчлэн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд ойрын болон дам хавьтлын шинжилгээ авч буй нэр бүхий 18 цэг, мөн дээрх өргөтгөсөн шинжилгээний цэгүүдэд очихгүй байхыг НОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.